УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлын эрсдэлийг даван туулахын тулд Монгол Улсын Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгаа идэвхжүүлэх цогц бодлого хэрэгжүүлж байна. Үүнээс гадна ОХУ болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оны төсвийн орлого тасалдах, зайлшгүй шаардлагатай зардлыг дахин хуваарилах нөхцөл байдал үүсээд байгаа юм. Иймд Монгол Улсын Засгийн газарт уг асуудлыг нэн яаралтай шийдвэрлэн төсвийн хэмнэлтийн чиглэлээр тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллах шаардлага үүссэн. Энэхүү төсвийн зохицуулалтыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан нэгдсэн төсвийн алдагдлын нийт хэмжээг өөрчлөхгүйгээр, төсвийн тусгай шаардлагыг баримтлан хуулийн төсөлд тусгасан байна. Дээрх хуулийн төслийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх үед зарчмын зөрүүтэй нэг санал гарсан гэдгийг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор чуулганд танилцууллаа.
Тодруулбал, “Гадаадын зээл тусламжийн ашиглалтын зардлыг 16,400.2 сая төгрөгөөр бууруулсантай холбоотойгоор Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн нэгдүгээр зүйлийн эдийн засгийн үзүүлэлтийн 7-д заасан нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 2022 онд “4 их наяд 280.3 тэрбум төгрөг” гэснийг “4 их наяд 296.3 тэрбум төгрөг” гэж өөрчлөх” санал гаргажээ. Уг саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 68.6 хувь дэмжсэн юм. Улмаар дээрх хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
ҮЗЭХ: