“Сүү” ХК Хувьцаа эзэмшигчдэдээ 3.3 тэрбум төгрөгийн ногдол ашгийг олгохоор боллоо

“Сүү” ХК Хувьцаа эзэмшигчдэдээ 3.3 тэрбум төгрөгийн ногдол ашгийг олгохоор боллоо

“Сүү” ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 2022 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулж, 2021 оны үйл ажиллагааны гүйцэтгэл, санхүүгийн үр дүнгээ олон нийтэд нээлттэй танилцууллаа.  

“Сүү” хувьцаат компани 2021 онд 100,5 тэрбум төгрөгийн цэвэр борлуулалт хийн, өмнөх оноос 26,8 хувийн өсөлт үзүүлэн, цэвэр ашгийн хэмжээг 10 тэрбум төгрөгт хүргэж, өмнөх оноос 41,3 хувиар нэмэгдүүлжээ. Мөн сүү бэлтгэлийн 30 гаруй чиглэлийн 2500 гаруй бэлтгэн нийлүүлэгч, фермерүүдээс 16.7 сая литр сүү хүлээн авч, 17.6 тэрбум төгрөгийн орлого оруулснаас гадна 2021 онд улсын төсөвт нийт 3.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн амжилттай байна.

Мөн үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх тоног төхөөрөмж, дэд бүтцээ сайжруулах чиглэлд 13.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн нь компанийн ирээдүйн өсөлтийг дэмжих, ашигт ажиллагааг сайжруулахад томоохон үр дүн үзүүлж байгаа аж.

Тус онд “Сүү” ХК ногдол ашиг хуваарилалтын бодлогодоо өөрчлөлт хийн, хагас жил тутам олгохоор шийдвэрлэсэн бөгөөд 2021 онд компанийн нийт хуримтлагдсан ашгийн дүнгээс нэгж хувьцаанд 9.76 төгрөг буюу нийт 3.3 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгохоор боллоо.

“Сүү” ХК-ийн үнэт цаасны арилжааны идэвх өнгөрсөн онд түүхэн дээд амжилтуудыг сэтэлж, нэгж хувьцааны үнэ 810₮-т хүрснээр хөрөнгийн зах зээл дэх байр суурь шат ахин, 100-аас дээш тэрбум төгрөгийн үнэлгээтэй компани болов.

2022 онд “Сүү” ХК үйлдвэрийн хүчин чадлаа тэлсэнтэй холбоотойгоор борлуулалтын орлогоо 25 хувь өсгөх, бэлтгэн нийлүүлэгчдээ дэмжихээр энэ жилд 10-аас дээш хоршоо байгуулах зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулж эхэлжээ.




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө