Ирэх долоо хоногт ихэнх нутгаар СЭРҮҮСНЭ

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар СЭРҮҮСНЭ

Өнөөдөр /2022.05.08/ нутгийн баруун хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурч, сэрүүсэж, салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. Маргааш буюу энэ сарын 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, энэ сарын 10, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи 9-нд ихэнх нутгаар, 10, 11-нд Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Завхан, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.