С.Амарсайхан: Хувийн үйлдвэрүүдийн түлш байж ч магадгүй

С.Амарсайхан: Хувийн үйлдвэрүүдийн түлш байж ч магадгүй

Сайжруулсан түлш түлсэн 16 өрхийн 35 иргэн угаартаж, хоёр том хүн, бага насны хоёр хүүхэд насаа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн холбогдох байгууллагад яаралтай арга хэмжээ авч, сайжруулсан түлшнээс дээж авч, гурван ч лабораторид шинжлүүлэхэд шахмал түлш нь хэвийн гарсан гэж мэдээлсэн. 

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханаас зарим зүйлийг тодрууллаа.  

-Хот сайжруулсан түлш ямар ч хоргүй, стандартын шаардлага хангасан гээд байгаа.  Гэтэл хүний амь нас хохирчихоод байна. Галлагаа буруу хийсэнтэй холбоотой гэсэн тайлбарыг ч хийсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Юуны түрүүнд эрдэнэт хүний амь нас эрсэдсэнд харамсаж байна. Ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлье. Бид хамгийн түрүүнд нэмж хүний эрүүл мэнд хохирохгүй байх талаас нь бүх шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.  Бүх талаас нь нөхцөл байдлыг тодорхойлох, ямар асуудал үүсэв гэдгийг тодруулах, урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж байгаа. Мөн үйлдвэрлэлийн технологи алдагдах алдаа гаргахгүй байх, түлшний найрлагад хүний биед хортой бодис байна уу гэдгийг шалгаж, 23 төрлийн дээж авсан.  23 төрлийн дээжнээс гурван ч лабораторид шинжлүүлж, найрлагыг нь тогтоолгосон. Урьдчилсан байдлаар стандартын шаардлага хангасан, хэвийн байна гэж харсан. Түүнээс гадна, бидний мэдэх, мэдэхгүй асуудал байх вий гэдэг үүднээс гадны улсууд руу лабораторид шинжлүүлэхээр дээж аваад, явуулсан байна. Мөн үйлдвэрлэлийн дамжлагад хатуу хяналт тавьж ажиллаж байгаа. 

-Сайжруулсан түлшийг муулбал хариуцлага тооцно гэж та ярьсан юм уу. Тийм мэдээлэл гараад байсан?

-Муулах, муулахгүйдээ биш. Энэ бол хүн амын амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал. Олон жил агаарын бохирдлыг шийдэх талаар ярьж ирсэн. Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрчихсэн. Тиймээс Засгийн газар зоригтой шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх талаас нь бүх байгууллагууд ажиллаж байна.  Энэ үндэсний хэмжээний ажил учраас төрийн бүх байгууллагууд ажиллаж, эрсдэл байгаа бол багасгах, хэрэглээг хэвшүүлэх, тэр дунд байж болох алдааг засахын тулд ажиллаж байгаа.  Бид бодит мэдээллийг иргэдэд хүргэе л гэж байгаа юм.  Энэ дунд хувийн үйлдвэрүүдийн түлш байж ч магадгүй учраас тийм тохиолдол гарвал таслан зогсоо гэдэг чиглэл өгсөн. 

-Сайжруулсан түлшний асуудал таны огцрох шалтгаан болбол та хариуцлага хүлээх үү?

-Шаардлагатай гэвэл буруутай хүмүүст хариуцлагын асуудал яригдаж л таараа. Одоо бол нөхцөл байдал юунаас болов гэдгийг л тодруулах нь нэн түрүүний ажил. 

-Бурууг буруу галлагаа руу чихэх гээд байгаа юм биш үү. Монголчуудын хувьд он удаан жил галаа түлсээр ирсэн ард түмэн. Буруу галлагаа гэж юуг хэлээд байгаа юм. Зөв галлах журам гэж байгаа бол түүнийгээ эртхэн иргэдэд мэдээлж байхгүй яасан юм?

-Бид галлагаатай холбоотой зөвлөмж зөвлөгөөг өгөөд л байгаа. Харин иргэдэд хэр хүрч байгаа вэ гэдэг асуудал л байгаа байх. Шинэ түлш учраас яаж галлах, үнсээ хэрхэн гаргахаас эхлээд зөвлөмж, зөвлөгөөг хангалттай өгөх ёстой.  Энэ сарын 1-ний өдөр би нийслэлийн бүх байгууллагыг онцгой горимд шилжүүлж, ажиллаж байна. Энэ хүрээнд заавар зөвлөгөө өгөх ажлыг хийж байгаа. Гэвч харамсалтай нь ийм хэрэг явдал гарлаа. 

-Өнгөрсөн шөнө гэхэд угаартсан гэсэн 12 дуудлага ирсэн мэдээлэл байна. Яармагт нэг хүн нас барсан гэх мэдээлэл ч байгаа. Энэ түлшинд үнэхээр асуудал байхгүй юу?

-Асуудал байхгүй, байгаа гэдгийг би мэдэхгүй. Мэргэжлийн байгууллагууд шинжлээд, лабораторийн шинжилгээний хариу стандартын шаардлага хангаж байна гэж гарсан. Энэ дагуу л бид мэдээллээ өгч байна. Улам баталгаажуулахын тулд гадаадын өндөр технологийн лабораториудад шинжилгээ хийлгэхээр дээж явуулсан.