ВИДЕО: УИХ-ын 2020 оны сонгуулиар оюутнуудад “дүн санал болгож” харьяаллыг нь СХД-т шилжүүлж, өмнөөс нь санал өгсөн байж болзошгүй хэрэг гарчээ

ВИДЕО: УИХ-ын 2020 оны сонгуулиар оюутнуудад “дүн санал болгож” харьяаллыг нь СХД-т шилжүүлж, өмнөөс нь санал өгсөн байж болзошгүй хэрэг гарчээ

УИХ-ын 2020 оны сонгуульд МАН 62 суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан бол АН 11, “Та бидний эвсэл” 1, “Зөв хүн электорат эвсэл” 1, бие даагч 1 тус тус суудал авсан. Тэгвэл тус сонгуулийн үеэр нэр бүхий хувийн их сургуулийн оюутнуудад "дүн санал" болгож, оршин суугаа хаягийг Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг рүү шилжүүлж, тэдний өмнөөс сонгууль өгсөн байж болзошгүй ноцтой мэдээллийг isee.mn сайт бэлтгэн хүргэж байна.

ВИДЕО: 

Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт хуурамчаар хаяг, тоот нээж иргэдийн хаягийг хууль бусаар шилжүүлсэн байж болзошгүй байна. Учир нь бидэнтэй нэр бүхий их дээд сургуулийн оюутнууд холбогдож өөрсдийн сургуулийн багш нар тэдэнд дүн санал болгож хаягийг нь шилжүүлж хуурамчаар санал өгүүлсэн гэх мэдээллийг хэлсэн юм.

Ингэхдээ тэдэнд дүн, ажил, цалин санал болгож иргэний үнэмлэхийн хуулбарыг нь авсан аж. Хамгийн ноцтой нь хаягийг чинь сонгууль дуусахаар буцаад шилжүүлнэ санаа зоволтгүй, аав ээждээ битгий хэлээрэй гэжээ. Иймд бид нэр бүхий хэд хэдэн их дээд сургуулийн оюутнуудаас тодруулав. 

Оюутан 1: 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр манай хариуцсан багш бүлгээрээ нийлдэг хэд хэдэн хүүхдүүдийг дуудаад сонгуулиар ажиллах уу гэсэн. Бид оюутан хүмүүс тул зөвшөөрсөн. Тэгэхдээ иргэний үнэмлэхийн хуулбараа өгчих гээд авсан. Яах гэж байгааг нь асуутал харьяаллыг чинь түр шилжүүлнэ. Санаа зоволтгүй сонгууль дуусахаар буцаад шилжүүлчихнэ. Аав ээждээ битгий хэлээрэй гэсэн. Дараа нь нэг зааланд олон оюутнуудыг дуудаж оруулсан. Хурал маягийн зүйл хийсэн. Дүн санал болгож байсан юм байна. Миний сонссоноор хоёр гурван сургууль байгаа байх.

Одоо хороогоо шилжүүлэх гэхээр улсын бүртгэлээс "яаж хороогоо шилжүүлсэн юм, хэл" гээд байгаа.

Тухайн үед сольсон багштайгаа холбогдохоор эхэндээ “амархан, очоод аятайхан хэлээд л солиулчих” гэсэн сүүлдээ уурлаад  “өөрсдөө тэгээд зохицуулаач дээ” гэсэн. Санал өгөх өдрөө биднийг битгий гэрээс гараарай гэхээр нь автоматаар бидний санал цаанаа ордог юм болов уу гэж таамгалсан. 

Оюутан 2: Би хөдөө орон нутгийн харьяалалтай байсан. Намайг намын үүрэнд ажиллуулна гэж байсан ч би ажиллаж чадаагүй. Тухайн үед шилжилт хөдөлгөөн зогсохоос өмнө гээд бидний иргэний үнэмлэхийн хуулбарыг авсан. Дараа нь ковид тусаад хөдөө очиж харьяалал дээрээ очиж чадахгүй байсан чинь миний харьяалал хотод шилжсэн гэсэн болохоор хороо нь дээрээ очсон.

Гэтэл хорооны хүн над руу уурлаад “Хаана амьдардаг гэнээ, За ёстой тийм тоот байтугай гудамж ч байхгүй. Амьдардаг гээд байгаа бол намайг дагуулаад яв” гэсэн. Багшдаа хэлсэн чинь “Битгий хэл ам тасла аа. Түр байж бай гэсэн” гэв.

Харин манай сурвалжлах баг тус оюутнуудыг шилжсэн гэх хэд хэдэн газар очиж үзвэл яг албан ёсны хаягжилт байхгүйн зэрэгцээ тэдний оршин суудгаас дараагийн гудамж руу шилжсэн, тэдний харьяаллыг хаяг тоотыг олж чадаагүй юм.

Иймд тус хороо руу орж асуутал “тийм хаяг байгаа. Яах гэсэн юм. Хаанаас явж байгаа юм. Бид мэдээлэл өгдөг хүн биш” гэх хариултыг өгсөн юм. 

Эргэн сануулбал, тус сонгуулийн үеэр хэсгийн хороодын сонгогчийн тооноос илүү санал авсан гэх асуудал ч маргаан дагуулж байсан.  Харин энэ мэт хууль бус үйлдлүүд нь хариулт нь болж байна гэхэд хилсдэхгүй. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно гэж заасан байдаг ч тус үйлдлээс харвал хуйвалдаан зохион байгуулсан гэх үндэслэл ч болж байна. Хамгийн ноцтой нь оюутнуудын хаягийг шилжүүлсэн нэр дэвшигч одоо УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа ажээ.