Муудсан маханд химийн бодис хольсон байж болзошгүй хэрэгт "ХКҮ", “Мах Импекс” зэрэг компанийн удирдлагуудыг шалгаж эхэлжээ

Муудсан маханд химийн бодис хольсон байж болзошгүй хэрэгт "ХКҮ", “Мах Импекс” зэрэг компанийн удирдлагуудыг шалгаж эхэлжээ

БНХАУ-ын  хөрөнгө оруулалттай  “Эм Ди  Си Пи” компани манай улсын шилдэг хүнсний үйлдвэрүүдийн нэг “Мах Импекс” ХХК-ийнхантай “хамтран” өмхийрч муудсан их хэмжээний маханд химийн бодис хольсон, түүнийгээ боловсруулж, лаазалсан болон хиам тэргүүтэй махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдийн гарт хүргэсэн байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа талаар Ergelt.mn сайт мэдээлжээ. 

Тэгвэл дээрх асуудлаар Эрүүгийн цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтынхны хамтарсан ажлын хэсэг дээрх газруудад дахин хяналт шалгалт хийж, мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлээд байгаа аж.

Цагдаа, мэргэжлийн хяналтынхан “Эм Ди  Си Пи” компанийн удирдлагууд болон ажилтнуудаас байцаалт авч эхэлсэн байна. Яагаад өмхий махаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж байсан, өмхий үнэр, амтыг нь дарах ямар төрлийн химийн бодис ашигласан, химийн бодистой хольж, амт, үнэрийг нь дарсан махаа юунд ашиглах гэж байсан, “Мах Импекс” ХХК-ийн харьяа компани гэх "ХКҮ" компанийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний сав, баглаа, шошго тэргүүтэй зүйлс ямар замаар урд хөрш рүү мах гаргадаг гэх “Эм Ди Си Пи” компанийн агуулахад хадгалагдаж байсан бэ гэдгийг шалгаж тогтоохоор хууль хяналтынхан ажиллаж, компанийн нэр бүхий удирдлагуудыг шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлжээ.