Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг УИХ-ын гишүүн Т.Доржханд тэргүүтэй ХҮН-ынхан болон Ардчилсан намын нэр бүхий гишүүд гаргасан. Тэд хаврын чуулганы хугацаанд багтаан Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт хандахын зэрэгцээ Сүхбаатарын талбайд жагсаал хийж, 21 аймагт аян өрнүүлсэн юм. Улмаар уг аяны хүрээнд цугласан иргэдийн гарын үсгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүлээлгэн өгч, намуудын дарга нарыг цуглуулан санал бодлыг сонсож, зарим уулзалтыг хийсэн. Өөрөөр хэлбэл, тэд процессын дагуу Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажилдаа ороод байгаа юм.
Энэ хүрээнд Төрийн байгуулалтын байнгын хорооноос өчигдөр /2022.05.23/ эрдэмтэн, судлаач, хуульчдыг оролцуулсан "Сонгуулийн тогтолцоо ба Үндсэн хуулийг өөрчлөх" сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулсан юм.
Энэ удаагийн Үндсэн хууль /ҮХ/-ийн өөрчлөлтөөр:
- УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болох буюу “давхар дээл”-ийг дэмжих. Одоогоор Ерөнхий сайдыг оролцуулаад дөрвөн УИХ-ын гишүүн л Засгийн газрын гишүүнээр ажиллаж буй. Энэ нь Засгийн газар дахь парламентын хяналтыг сулруулах мөн бусад улс төрийн асуудалтай тулж буй учраас өөрчлөх шаардлагатай гэж үзэж буй. Хоёр ба түүнээс дээш удаа сонгогдсон УИХ-ын гишүүнийг сайдаар ажиллуулна гэж тооцсон гэх.
- УИХ-ын гишүүдийн тоог нэмж 100 гаруй болгох. Үүнийг УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг нээж үг хэлэхдээ онцолсон. Ингэж байж парламентын ардчилал бэхжинэ. Цөөн хүнд очих эрх мэдлийг сааруулж, бие биендээ тавих хяналт сайжирна гэж буй. Т.Доржханд гишүүний мэдээллээс үзвэл УИХ-ын гишүүдийн тоог 150-215 болгохыг шаардаж буй ч 110 дотроо багтаах нь тодорхой байгаа юм.
- Сонгуулийн тогтолцоог өөрчилж, "Холимог"тогтолцоотой жижиг тойрог болгох эсвэл өөр хувилбарт тохирох.
- Ерөнхийлөгчийг парламентаас сонгох зэргийг хийнэ.
Бид энэ агуулгын хүрээнд судлаачид болон улс төрчдийн байр, суурийг сонсож цувралаар хүргэж байгаа. Энэ удаа хуульч Б.Гүнбилэгийг урьж Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар байр, суурийг нь сонслоо. Тэрбээр Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгуулсан өчигдрийн хэлэлцүүлэгт орж өөрийн саналаа хэлсэн юм.
ВИДЕО:
-УЛС ТӨРИЙН НӨЛӨӨГӨӨР ЦЭЦИЙН ШИЙДВЭР БУРУУ ГАРЧ ЗӨВХӨН МАЖОРИТАР СИСТЕМЭЭР ЯВАХ ЮМ ШИГ ОЙЛГОЛТЫГ ӨГСӨН-
-Сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлаар таны байр, суурь ямар байгаа вэ?
-Заавал Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байж сонгуулийн тогтолцоог өөрчлөх боломжтой гэх арга зүйг яриад байгаа. Үүнийг эсрэг талаас нь хараасай гэж хүсч байна. Холимог тогтолцоог хэрэгжүүлж болохгүй гэх шийдвэрийг Үндсэн хуулийн цэцээс гаргасан. Үндсэн хуулинд "шууд чөлөөтэй" сонгоно гэсэн байдаг. Үүнийг Үндсэн хуулийн цэцээс буруугаар тайлбарласан. Тэгэхээр буруугаар тайлбарласан Үндсэн хуулийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, Үндсэн хуульдаа гар хүрч болохгүй. Үндсэн хууль анхнаасаа пропорциональ мажоритарыг хүлээн зөвшөөрсөн. УИХ-д бүрэн эрхийг нь олгосон хууль юм. Харамсалтай нь улс төрийн нөлөөгөөр цэцийн шийдвэр буруу гарч зөвхөн мажоритар системээр явах юм шиг ойлголтыг өгсөн. Тэгэхээр үүнийг хүчингүй болгох талаас нь УИХ ажиллах хэрэгтэй. Юм л бол Үндсэн хуульдаа гар дүрч, "Үндсэн хуулийн буруу шүү" гэсан хандлагатай байж болохгүй гэсэн арга зүйн өөр хувилбарыг хэлье.
-Сонгуулийн тогтолцооны хувьд аль нь илүү манайд тохирно гэж үздэг вэ?
- Аль ч тогтолцоо сайн, муу талтай. Хамгийн гол нь тогтолцоогоо зөв хэрэгжүүлж сонгуулиа хийж чадахгүй байна. Сонгуулийнхаа санхүүжилтийг хянаж чадахгүй байгаа юм. Улс төрийн намууд боловсролтой, зөв хүнээ биш хэн илүү мөнгөтэй, хэн илүү нийгэмд буруу аргаар нөлөөлөх чадвартайг нь харж сонгуульд нэр дэвшүүлж байна. Тухайлбал, архи тараах, бие даагчид өрсөлдөгчийнхөө, мөнгөтэй нэр дэвшигчийнхээ ухуулгыг хийдэг гэх мэт үйлдэл их гардаг. Хууль бол хангалттай. Одоо хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй.
Сонгуулийн гэмт хэргүүдийг ямар түвшинд авч үзэх юм. Төрийн эрхийг хууль бусаар авдаг гэх мэт асуудлыг ул суурьтай авч үзэх хэрэгтэй. Улс төрийн намын санхүүжилт гэж заваан зүйлийг яриад байдаг ч хэн ч хэрэгжүүлдэггүй. Үүнийг ул суурьтай засах ёстой. Тэгэхээр бид хуулиа батлаад, хэрэгжүүлмээр байна.
-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх шаардлагатай гэж та үзэж байгаа юу?
- Гишүүдийн тооны хувьд угаасаа 76 бага. О.Мөнхсайхан, гишүүн асан, талийгаач М.Батчимэг нарын хэлснээр гишүүдийн тоо 126 байх нь болно гэсэн байна лээ. Тэгэхээр 120, 130 байна уу тэр бол ач холбогдолгүй. Байвал байж л байна биз. Төлөөлөл нь харьцаж байж газар зүй, хүн амын байршлаа харж байж төлөөллөө хийж байгаа. Гэхдээ үүн дээр хуульч нараас илүүтэй улс төр судлаач, нийгмийн ухааныхан энэ хэсэгт ажиллуулах нь зүйтэй.