Өчигдөр /2022.05.23/ өглөө 08:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дөрвөн давхрын цонхоор 52 настай, эрэгтэй унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл тус харамсалтай хэрэг явдал юуны улмаас болсон талаар тодруулж, сэрэмжлүүлэхээр бид тус мэдээллийг бэлтгэлээ.
-ТАЛИЙГААЧИЙГ АВРАХААР ХОЁР ГУРВАН ХҮН НИЙЛЖ ТАТАХ ГЭСЭН БОЛОВЧ ДИЙЛЭЭГҮЙ АЖ-
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр талийгаачийг амиа хорлосон гэдгийг тодотгож байсан ч одоогоор хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд амиа хорлосон эсэхийг тодорхойлох нь эрт байгааг албаныхан хэлж байв. Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь нийт /А, B, С, D, E/ гэх таван блокоос бүрддэг бөгөөд хэрэг явдал E блок буюу Нэгдүгээр эмнэлгийн зүүн байрны дотрын нэгдсэн тасагт болсон байгаа юм. Тодруулбал, тус хэсгийн 3, 4, 5, 6 дугаар давхар нь эрчимт эмчилгээний тасаг гэж явдаг бөгөөд талийгаач нь 4 давхраас унасан байж болзошгүй байна.
Харин тус хэргийг харсан эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Тус эрэгтэй цонхоор дүүжлэгдэж, амь тэмцэж “Амь авраарай” гэж олон удаа орилсон. Цонхноос хоёр гурван хүн талийгаачийн өмднөөс татаж аврахаар оролдсон ч дийлэлгүй унаж газар дээрээ нас барсан. Тухайн үед эмнэлгийн ойролцоо хөл хөдөлгөөн маш бага байсан” гэсэн юм.
-ТАЛИЙГААЧИЙН ЭХНЭР ЯАРАН ГҮЙЖ ИРЭН НӨХРӨӨ ХАЙЖ БАЙСАН-
Талийгаачийг унасны дараа түүний ар гэрийн хүн “талийгаачийг хаана байна” гэж хайж ирээд хохирогчийг газарт унаж амиа алдсаныг хараад "орилж уйлж" байсан аж. Түүнийг харсан эмч, сувилагч нар гүйлдэн гарч ирэн дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн бөгөөд өөрсдөө анхан шатны авч болох бүх арга хэмжээг авсан хэдий ч оройтсон байсан тул хэргийн газрын үзлэг хийж, шүүх шинжилгээний байгууллагад цогцсыг хүлээлгэн өгсөн байна.
Мөн талийгаач зүгээр нэг эмнэлгээр үйлчлүүлж яваагүй бөгөөд хэвтэн эмчлүүлж байсан аж. Учир нь тэрбээр эмнэлгийн халаад, тавчиктай байсныг эх сурвалж онцолж байв. Хэрэг болсон газар цусанд булагдсан ч төд удалгүй эмнэлгийн үйлчлэгч нар гарч ирэн шороо асгаж, цусыг ор мөргүй болтол нь арилгасан гэв.
-ӨНГӨРӨГЧ 2021 ОНД УЛСЫН НЭГДҮГЭЭР ЭМНЭЛГИЙН МӨН ТУС БАЙРНЫ ЗУРГААН ДАВХРААС СУВИЛАГЧ УНАЖ НАС БАРЖ БАЙВ-
Хачирхалтай нь, өнгөрөгч 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр тус эмнэлгийн мөн л зүүн байрны эрчимт эмчилгээний тасагт ажиллаж байсан сувилагч 6 давхрын цонхоор унаж амиа алдсан хэрэг гарч байсан юм. Тус хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгаж, прокурорын байгууллагад шилжүүлж өнгөрөгч оны аравдугаар сард гэмт хэргийн шинжгүй хэмээн уг хэргийг хаасан байдаг. Амиа алдсан сувилагч тус эмнэлгийн улаан бүсэд томилогдон ковидтой өвчтөнүүдэд тусламж үзүүлж байсан гэдэг бөгөөд ажлын стресс ядаргаанаас болж тус алхмыг хийхэд хүрсэн байж болзошгүйг эх сурвалжууд мэдээлж байв. Энэ мэт хэргүүдээс харвал зарим эмнэлэг, албан байгууллагуудад аюулгүйн үүднээс цонхны хаалтыг зайлшгүй тавих шаардлагатайг анхааруулж байна. Одоогоор 52 настай эрэгтэйн цонхноос унаж нас барсан хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж байна.