СУРВАЛЖИЛГА: Ховор, нэн ховор ургамлуудыг хууль бусаар зөвшөөрөлгүй худалдан борлуулж байна

СУРВАЛЖИЛГА: Ховор, нэн ховор ургамлуудыг хууль бусаар зөвшөөрөлгүй худалдан борлуулж байна

Экологийн цагдаагийн албанаас “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээ эхлүүлж, тус арга хэмжээний хүрээнд манай сурвалжлах баг хамтран хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг иргэд, олон нийтэд таниулах, экологийн боловсрол, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, соён гэгээрүүлэх зорилгоор ээлжит сурвалжлагыг бэлтгэлээ.

Энэ удаа бид тус арга хэмжээний хүрээнд нэн ховор, ховор ургамлын бүтээгдэхүүнийг хууль бусаар, зөвшөөрөлгүй худалдан борлуулж буй “Тоса” худалдааны төв орчмын газруудад хяналт шалгалтыг хийж, зөрчил илрүүлэн ажиллалаа.

ВИДЕО:

Ажлын хэсэгт багтсан Экологийн цагдаагийн албаны алба хаагчид “Тоса” худалдааны төвөөр оров. Тус худалдааны төвийн зарим лангуун дээр орон нутгаас түүж авчирч ууталж савласан хэд хэдэн ховор ургамлуудыг борлуулж байсан юм.

Энэ нь Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийг зөрчиж байгаа гэдгийг Экологийн цагдаагийн албаны зөрчил шалгах шийтгэх хэлтсийн байцаагч, цагдаагийн ахмад Э.Ганбаатар сануулж, дахин эл төрлийн зүйл худалдаалахгүй байх, хэрэв худалдаалбал хуулийн дагуу арга хэмжээ авна гэдгийг анхаарууллаа.

Харин худалдаа эрхлэгчид “Мэргэжлийн хяналтын газраас ирж өмнө нь удаа даран сануулж байсан. Ингэхдээ заавар зөвлөмжөө өгч байгаагүй. Дийлэнхдээ Сэлэнгэ аймгаас ургамлаа авдаг. Зөвшөөрлийн бичиг авдаг гэдгийг огт мэдэхгүй, юу бүрдүүлдгийг ч мэдэхгүй байсан. Одооноос өөрсдөө түүж бэлтгэхээр бол заавал баг, сум, хорооны засаг даргаас зөвшөөрлөө авна. Ургамал авч ирж байгаа наймаачдаас зөвшөөрлийн бичгийг нь асууж байж авна. Цаашдаа анхаарах болно. Нэн ховор ургамлыг зарж борлуулахгүй” гэсэн юм. /Хуулийн ЭНД ДАРЖ уншина уу

Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлд зааснаар Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх, “1.Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг байна.

Зарим аймгуудад нэн ховор ургамал устаж үгүй болсоор байна. Иймд тус албанаас жилдээ нэг удаа энэ төрлийн хяналт шалгалтыг хийж ажилладаг бөгөөд эхний удаа сануулж дараа дараачаас хуулийн дагуу арга хэмжээг авдаг гэв.

Манай орны хувьд нэн ховор 300, ховор 1000 гаруй ургамал байдаг. Үүнээс хамгийн түгээмэл хууль бусаар түүж, зарж борлуулдаг нь вансэмбэрүү, манж гандигар, дэрвэгэр жирвэгэр ургамлууд аж. Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 тоот тогтоолоор, дэрвэгэр жиргэрүүг нэн ховор ургамлын жагсаалтад оруулсан байдаг. Манай оронд төдийгүй, дэлхийд нэн ховор ургадаг дэрвэгэр жиргэрүүг БНХАУ, БНСУ зэрэг оронд хүнсний нэмэлт тэжээл, эмийн найрлагад ашигладаг тул манай улсаас хууль бусаар гаднын улс руу гаргах төрлийн хэрэг бүртгэгдэг тухай албаныхан мэдээллээ.