"Чингис хаан" музейг ирэх долдугаар сарын 3-нд нээхээр төлөвлөсөн байна. Соёлын дэд сайд М.Батбаяр "Музейн барилгыг Улсын комисс хүлээн авсан. Ирэх оны хоёрдугаар улиралд албан ёсоор музей үүд хаалгаа нээхээр төлөвлөсөн" гэдгийг онцолсон байдаг. Соёлын яамны захиалгаар, “Балданс” компани музейн зураг төслийг хийж, “Билгүүн Монгол констракшн” ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэн, Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавин ажилласан байдаг.
Тэгвэл Чингис хаан музейн үр дүнгийн хурлын видео контент хийлгэхэд 19 сая төгрөг зарцуулсан байна.
Энэ нь Монгол Улсын Засгийн газрын "Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 2021 оны 43 дугаар тогтоол үндсэн үйл ажиллагаатай холбоотой, зайлшгүй шаардлагатайгаас бусад бүх төрлийн зардал, төсөл, арга хэмжээг тэвчиж, зардлыг гаргахгүй байх даалгасныг зөрчсөн учир мэргэжлийн байгууллагаас дээрх алдаа дутагдлыг засах чиглэлийг өгсөн байна.