ШУУРХАЙ: Н.Түвшинбаярт холбогдох хэрэг Х.Одбаяр шүүгчид хуваарилагджээ

ШУУРХАЙ: Н.Түвшинбаярт холбогдох хэрэг Х.Одбаяр шүүгчид хуваарилагджээ

Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 12-ны өдөр /2022.05.12/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон.

Улмаар даргалагч шүүгч татгалзан гарах хүсэлтийг гаргаж, бүрэлдэхүүний шүүгчид хянан хэлэлцээд татгалзлыг хүлээн авах үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн билээ. Иймд хэргийг дахин хуваарилалтад оруулж өөр шүүгч томилон хуралдааны товыг тогтохоор болсон. 

Тэгвэл Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүгчид хуваарилсан байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаярт тус хэрэг хуваарилагдсан байна.

Өөрөөр хэлбэл, прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн гэх хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж явуулахаар болсон байна. Харин шүүх хурлын тов хараахан гараагүй байгаа аж. Хуулийн дагуу шүүх хурлын шүүгч хуваарилагдсанаас хойш 29 хоногийн дотор товыг зарлаж учиртай юм. 

Ташрамд өгүүлэхэд, Өмнөх хуваарилагдсан шүүгч "Хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад цахим сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүгчид удаа дараа нөлөөлөх мэдээлэл тараасан үйлдэл гаргасан асуудлаар шүүгчээс нөлөөллийн мэдүүлэг бичсэн байдаг. Үүнийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн шинжийг агуулсан гэж үзэн шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм.