ШУУРХАЙ: Нүүрс борлуулсан ашгаа нууж, татвараас зугтаж байсан ченжүүдийг ЭЦГ-аас шалгаж эхэлжээ

ШУУРХАЙ: Нүүрс борлуулсан ашгаа нууж, татвараас зугтаж байсан ченжүүдийг ЭЦГ-аас шалгаж эхэлжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сард /2022.04.05/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн.

Тэрээр, "Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Энэ талд эдийн засаг цэгцрэхэд манай улсын ДНБ-ны хэмжээ хоёр дахин тэлэхээр байгаа. Тэнд маш их хэмжээний автомашинууд бий. Автомашин дотор манай парламентын гишүүд холбогдсон байгаа. А.Адьяасүрэнгээс эхлүүлээд. Цаана нь маш олон нөлөө бүхий лидерүүд гарч ирнэ. Баяннуурт байгаа зарим нөлөө хүмүүстэй холбогддог. Татвар төлдөггүй хэн ч бүртгэдэггүй далд эдийн засаг Гашуунсухайтын төмөр замыг 10 гаруй жил гацаасан. Учир нь тэдэнд маш их ашигтай байсан юм билээ" гэсэн. 

Тэгвэл эдгээр компаниудыг Эрүүгийн цагдаагийн газар /ЭЦГ/-аас шалгаж эхэлсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар эдгээр компаниуд нь Хятадын компаниудтай байгуулсан "худалдах, худалдан авах гэрээ"-нд нүүрсний үнийг хэт багаар тогтоосон байна. Гэтэл бодит байдал дээр гэрээнд тусгагдсан үнийн дүнгээс хэт өндөр үнийн дүнгээр нүүрсийг борлуулж зөрүү мөнгийг хувьдаа орлого болгон авдаг бөгөөд нийт үнийн дүнгийнхээ 20 хувийн борлуулалтаас татвар төлдөг байжээ.

Тухайлбал, нүүрс худалдах гэрээндээ үнийн дүнг 20 ам.доллар гэж заагаад, энэ үнийн дүнгээсээ татвар төлдөг бол, үндсэн үнэ нь 100 ам.долларт борлуулж, татвараас нуусан 80 ам.долларын төлбөрөө wechat зэргийг ашиглаж хувьдаа авдаг байжээ. 

Энэ нь нүүрсний борлуултын орлогоос улсад төлөх татвараас зугатаж буй үйлдэл аж. Тиймээс Засгийн газраас гомдол гаргаж Эрүүгийн цагдаагийн газраас нүүрсний экспортын компаниуд болох ченжүүдийг шалгаж байгаа ажээ.