Хөгжлийн банкны Н.Мөнхбат нарт холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэх үү

Хөгжлийн банкны Н.Мөнхбат нарт холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэх үү

Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга асан Б.Шинэбаатар, гишүүн Ч.Отгочулуу нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргийг Дээд шүүх хэлэлцэх эсэх хуралдаан ирэх сарын 2-ны өдөр буюу пүрэв гаригт товлогджээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 759 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 344 дүгээр магадлалтай, Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарт холбогдох хэргийг шүүгдэгч Н.Мөнхбат, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, шүүгдэгч Б.Шинэбаатарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа, шүүгдэгч Ч.Отгочулуугийн өмгөөлөгч Н.Ариунболд нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх аж.

Анхан шатны шүүхээс Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарыг бүлэглэж Монгол Улсын Хөгжлийн банканд 27.598.081.637.2 (хорин долоон тэрбум таван зуун ерэн найман сая наян нэгэн мянга зургаан зуун гучин долоон төгрөг, хорин мөнгө) төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан;

Б.Шинэбаатарыг “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газарт 10.991.628.450 (арван тэрбум есөн зуун ерэн нэгэн сая зургаан зуун хорин найман мянга дөрвөн зуун тавин) төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан;

Н.Мөнхбатыг Хөгжлийн банканд нийт 3.653.839.974.78 (гурван тэрбум зургаан зуун тавин гурван сая найман зуун гучин есөн мянга есөн зуун далан дөрвөн төгрөг далан найман мөнгө) төгрөгийн “их хэмжээний” хохирол учруулсан хэмээн тус тус буруутган ялласан хэргүүдийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Харин Н.Мөнхбатыг Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Мон Лаа” ХХК-д давуу байдал олгож Монгол Улсын Хөгжлийн банканд 5.642.970.000 (таван тэрбум зургаан зуун дөчин хоёр сая есөн зуун далан мянга) төгрөгийн буюу хүнд хор уршиг учруулсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Н.Мөнхбатад холбогдох хэрэгсэхгүй болгож, түүнийг  эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн.

Харин давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан билээ.

Улсын дээд шүүх дээрх албан тушаалын гэмт хэргийг хэлэлцэх эсэхийг Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар пүрэв гаригт хэлэлцэж, шийдвэрээ гаргах юм.