Мах экспортлох эрхтэй үйлдвэрүүдийн үйл ажиллагааг түр зогсоож, шалгана

Мах экспортлох эрхтэй үйлдвэрүүдийн үйл ажиллагааг түр зогсоож, шалгана

Монгол Улсаас гадаад руу мах экспортлох эрхтэй үйлдвэрүүдийн үйл ажиллагааг түр зогсоож, нарийвчилсан хяналт шалгалт хийнэ гэдгийг Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр хэвлэлийн хурал хийж танилцуулав. 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Мах бэлтгэх үйлдвэрүүдийг шалгах ажлын багийг Шадар сайд С.Амарсайханаар ахлуулан байгуулсан. Уг ажлын багт ХХААХҮЯ, ГХЯ, МХЕГ, ЦЕГ, ШӨХТГ, ГИХГ, НЗДТГ-ын төлөөлөгч багтсан байна. Тус багаас өнөөдөр хэвлэлийн хурал хийх үед Шадар сайд дээрх мэдээллийг онцолсон юм.

Монгол Улсаас гадаад улсууд руу мах экспортлох эрхтэй 60 аж ахуйн нэгж байгаагаас 31 нь БНХАУ руу мах гаргах эрхтэй аж. Ажлын баг 14 хоногийн хугацаанд дээрх үйлдвэрүүдийн үйл ажиллагааг түр зогсоож, стандарт шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгах аж. Стандартад нийцэж байгаа бол үйл ажиллагааг нээж, зөрчилтэй бол хуулийн хүрээнд хариуцлага тооцож, стандарт хангуулах ажлыг зохион байгуулна гэдгийг тэрбээр онцолсон юм. Шадар сайд С.Амарсайхан, “Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д Хүнсний аюулгүй байдлын талаар хаалттай мэдээлэл хийсэн. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ, Засгийн газраас хүнсний аюулгүй байдлын хууль тогтоомжийг сайжруулах, иргэдэд мэдээллийг нээлттэй хүргэхэд анхаарч ажиллаж байгаа” хэмээв.