ХБ-ны Н.Мөнхбат нарын хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр боллоо

ХБ-ны Н.Мөнхбат нарын хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр боллоо

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарт холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2022 оны зургаадугаар сарын 2-ны өдөр хэлэлцэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5 дахь заалтад заасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв. Ингэснээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.  

Ташрамд өгүүлэхэд, Анхан шатны шүүхээс Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу нарыг бүлэглэж Монгол Улсын Хөгжлийн банканд 27.598.081.637.2 (хорин долоон тэрбум таван зуун ерэн найман сая наян нэгэн мянга зургаан зуун гучин долоон төгрөг, хорин мөнгө) төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан;

Б.Шинэбаатарыг “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газарт 10.991.628.450 (арван тэрбум есөн зуун ерэн нэгэн сая зургаан зуун хорин найман мянга дөрвөн зуун тавин) төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан;

Н.Мөнхбатыг Хөгжлийн банканд нийт 3.653.839.974.78 (гурван тэрбум зургаан зуун тавин гурван сая найман зуун гучин есөн мянга есөн зуун далан дөрвөн төгрөг далан найман мөнгө) төгрөгийн “их хэмжээний” хохирол учруулсан хэмээн тус тус буруутган ялласан хэргүүдийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Харин Н.Мөнхбатыг Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Мон Лаа” ХХК-д давуу байдал олгож Монгол Улсын Хөгжлийн банканд 5.642.970.000 (таван тэрбум зургаан зуун дөчин хоёр сая есөн зуун далан мянга) төгрөгийн буюу хүнд хор уршиг учруулсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Н.Мөнхбатад холбогдох хэрэгсэхгүй болгож, түүнийг  эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. Харин давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө