ШУУРХАЙ: “Мах чанаж идсэн” МХЕГ-ын дарга н.Балжиннямд хариуцлага тооцсон шийдвэр гараагүй байна

ШУУРХАЙ: “Мах чанаж идсэн” МХЕГ-ын дарга н.Балжиннямд хариуцлага тооцсон шийдвэр гараагүй байна

Улаанбаатар хотын “Эмээлт” зах орчимд үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын иргэдийн оролцоотой мах боловсруулах үйлдвэрүүд “муудсан мах”-ыг бэлтгэж, хүнсэнд нийлүүлж байж болзошгүй хэмээн зарим иргэд байр сууриа илэрхийлж байгаа. Мөн зарим нь “Дулааны аргаар боловсруулсан махыг хоёр жил экспортод гаргаж чадаагүй тул, муудсан” байж магадгүй гэж буй юм.

Харин зургадугаар сарын 01-ны өдөр зарим мэдээллийн хэрэгсэл дээрх асуудлаар “Эмээлт” захаас мэдээлэл бэлтгэх үеэр, МХЕГ-ын Хүнс хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга н.Балжинням “муудсан гэх махыг чанаж өөрөө идэж, бусдад амтлуулж байгаа” бичлэг олон нийтэд хүрсэн.

Иймд өчигдөр /2022.06.02/ Төрийн ордонд болсон мэдээллийн үеэр МХЕГ-ын дарга Б.Баасандорж, “МХЕГ-ын ажилтан мах чанасан. Уг асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа. Тухайн махыг хэрэглэх эсэхийг лабораторид шинжилсний дараа хэрэглэх ёстой. Чанасан нь эрсдэлтэй алхам. Холбогдох хариуцлагыг тооцно” гэж мэдэгдсэн.

Тэгвэл яг одоо /2022.06.03/-гийн байдлаар МХЕГ-ын Хүнс хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга н.Балжиннямд “мах чанаж идсэн” асуудалтай нь холбогдуулж, ямар нэг хариуцлага хүлээлгээгүй байгаа аж. Харин МХЕГ-ын дарга Б.Баасандоржийн албан шийдвэр ирэх даваа гараг /2022.06.06/-таа багтаж гарч, н.Балжиннямыг албан тушаал бууруулж магадгүй гэсэн мэдээлэл байгаа ажээ.

2022.06.01