ДҮГНЭЛТ: "Элэг бүтэн Монгол" хөтөлбөр нь зорилтот бүлгийнхээ 50 хувийг л шинжилгээнд хамруулж, 63.4 тэрбумыг зарсан ч ҮР ДҮНГЭЭ өгөөгүй байна

ДҮГНЭЛТ: "Элэг бүтэн Монгол" хөтөлбөр нь зорилтот бүлгийнхээ 50 хувийг л шинжилгээнд хамруулж, 63.4 тэрбумыг зарсан ч ҮР ДҮНГЭЭ өгөөгүй байна

Манай улс хүн амаа хепатитийн вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх эрт илрүүлэн эмчлэх улмаар элэгний хатуурал, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилгоор 2017 онд Засгийн газрын 112 тогтоолоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлсэн.

-ХӨТӨЛБӨРИЙН НИЙТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТАЛААР ЭМДЕГ, ЕРӨНХИЙ САЙД НАР ЗӨРҮҮТЭЙ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙЖЭЭ-

Хөтөлбөр 21 аймаг, есөн дүүрэгт хэрэгжиж иргэдийг үзлэг оношилгоонд хамруулан, эмчилгээг хийсэн байдаг. Тухайн үед Эрүүл мэндийн сайдаар А.Цогцэцэг ажиллаж байсан бөгөөд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд одоогийн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн манлайлан оролцсон байдаг. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн хувьд тухайн үед Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан бөгөөд хавдрын өвчин гэх утгаараа тус хөтөлбөрийн гол хэрэгжүүлэгчээр нь ажилласан.

Тэгвэл уг хөтөлбөр хэр үр дүнтэй хэрэгжсэн эсэхэд Аудитын ерөнхий газраас шалгалт хийж дүгнэлтээ танилцуулсан байна. Уг дүгнэлтэд бичсэнээр, хөтөлбөрт зарцуулсан нийт хөрөнгийн талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/ болон Ерөнхий сайд нар зөрүүтэй мэдээллийг олон нийтэд өгч байжээ.

Тодруулбал, ЭМДЕГ-ын мэдээллээр 2018 оноос хойш хепатитийн B, C вирусийн илрүүлэг, тоолох шинжилгээ болон эмчилгээнд зориулан нийт 47.5 тэрбум төгрөг зарцуулсан нь тодорхой болсон гэж буй бол У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2018 оны нэгдүгээр сарын 19-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд  “ЭМДС-аас шинжилгээний зардалд 6.3 тэрбум төгрөг, С вирусийн эмчилгээний зардалд 9.6 тэрбум төгрөг зарцуулсан” гэж хэлсэнд үндэслэвэл 2021 оны есдүгээр сарыг дуусталх хугацаанд нийт 63.4 тэрбум төгрөг зарцуулжээ. 

Нөгөөтэйгүүр ЭМДЕГ-ын тоон мэдээлэлд хийсэн дүн шинжилгээгээр хепатитийн вирусийн илрүүлэгт улсын хэмжээнд нийт нэг сая 99 мянга, 862 хүнийг хамруулсан нь хөтөлбөрийн хүрээнд тус шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн зорилтот хүн амын 50 хувьтай тэнцэж байгаа аж. 

-48 МЯНГАН ХҮНИЙГ ЭМЧИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ЁСТОЙ Ч 16 МЯНГАН ИРГЭНИЙГ ХАМРУУЛЖЭЭ-

Илрүүлэгт орсон 27.4 мянган хүний шинжилгээний хариуг ЭМДЕГ-ын цахим системд бүртгэж аваагүйгээс ЭМДС-аас олгосон 95.9 мянган төгрөгийн санхүүжилтийн үр дүн тодорхойгүй болсон байна. 

Мөн С вирусийн эмийн эмчилгээнд нийт 2016-2017 онд 9.6 тэрбум, 2018-2021 онд 21.1 тэрбум, нийт 30.7 тэрбум төгрөг зарцуулжээ. Хепатитийн С вирусийн эмийн нэг сарын хэрэглээ 210 мянган төгрөг ба стандарт эмчилгээ нь 3 сарын хугацаатай гэж тооцвол 146, 176 сарын буюу 48.725 хүнийг эмчилгээнд хамруулсан байх тооцоо гарчээ.

Гэвч ЭМДЕГ-ын мэдээллээр 16.922 хүнийг эмчилгээнд хамруулсан нь олгосон санхүүжилтин дүнтэй нийцэхгүй байгаа нь аудитын дүгнэлтээр тодорхой болсон байна.

Дүгнэлт: Эрүүл мэндийн салбарын хэмжээнд нийт 12 үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаагаас 7 хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгуур үзүүлэлттэй харьцуулан гаргасан боловч нийгэм, эдийн засгийн үр нөлөөг үнэлж дүгнээгүй, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн үндсэн зорилгын хүрээнд шалгуур үзүүлэлтийн 2020 оны хүрэх түвшний үзүүлэлт хангагдаагүй гэжээ. Мөн эмийг хангалттай тараасан ч үр дүн гараагүй байна гэж үзсэн байна. ЭНД ДАРЖ УНШИХ.

Ташрамд дурдахад, С вирусийг устгах Хармони болон бусад эмийг хөнгөлөлтэй үнээр иргэдэд өгч байсан билээ.