УИХ-ын гишүүн, дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Зоригийн амь насыг хохироосон хэргийн мөрдөн шалгах ажиллагаа өдгөө ч үргэлжилж байгаа билээ.
Тэгвэл тус хэрэгт нэр бүхий хэд, хэдэн хүнийг холбогдуулан шалгаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, С.Зоригийн хэрэгт "Петровис" ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ч.Даваанямыг холбогдуулан шалгаж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг С.Зоригийн хэргийн захиалагч байж болзошгүй хэмээн шалгаж байгаа бөгөөд тэрбээр уг хэрэгт холбоотойгоор хэд, хэдэн удаа тайлбар, мэдүүлэг өгөөд байгаа аж. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учир Ч.Давааням нар нь нууцын баталгаанд гарын үсэг зурсан учир энэ талаарх мэдээллийг өгөхгүй байгаа гэх мэдээлэл ч байна.
-ГУРВАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ, С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ДАХИН ШАЛГАЖ ЭХЛЭВ-
Эргэн сануулахад, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг үйлдсэн хэмээн гурван шатны шүүхээр ял шийтгэгдэж, улмаар цагдан хоригдож байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах тухай прокурорын дүгнэлтийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн гуравдугаар шийтгэх тогтоол, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 171 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны наймдугаар сарын 4-ний өдрийн 185 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгахаар прокурорт буцаасан байдаг. Ингээд тэр өдрөө Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг сулласан билээ.
-С.ЗОРИГИЙН ХЭРЭГТ ШИНЭЭР ТОГТООГДСОН ДНК МЭДЭЭЛЭЛ ХЭНИЙ МЭДЭЭЛЭЛ БОЛОХЫГ ТОГТООХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА-
Харин С.Зоригийн хэргийг сэргээн шалгах Ажлын хэсгээс өнгөрсөн жил тус хэрэгт шинээр ДНК мэдээлэл тогтоогдсон болохыг олон нийтэд мэдээлсэн. Энэ талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа Ө.Энхтөр “Эрүүгийн 830142 дугаартай С.Зориг бусдад хутгалагдаж нас барсан хэрэгт ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан баг дарга нарын тушаалаар байгуулагдсан. Энэхүү ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Цагдаагийн байгууллагаас 1998 оны аравдугаар сарын 3-ны өдөр хэрэгт хураагдсан эд мөрийн баримтууд дотор АНУ-ын ДНК шинжилгээний байгууллагын дэвшилтэд технологи ашиглан энэ онд шинжилгээ хийлгэж, эд мөрийн баримтуудаас ДНК мэдээлэл тогтоосон. Хэрэгт 26 жилийн турш тасралтгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч анх удаа энэхүү ДНК мэдээлэл шинээр тогтоогдож байна. Энэ мэдээллийг шинжлэх ухаан, технологийн ололт амжилтыг ашиглаж хэрэгт шинжлэх ухаанчаар хандах боломжийг бидэнд олгосон ач холбогдолтой нотлох баримт гэж үзэж байна. Энэхүү ДНК мэдээлэл нь өмнө нь дээрх хэрэгт холбогдон шалгагдаж байсан бусад хүмүүсийн ДНК мэдээлэлтэй тохироогүй. Иймд тус ДНК мэдээлэл нь хэний мэдээлэл болохыг тогтоох чиглэлээр хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” гэдгийг тодотгож байсан юм.
Тэгвэл С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа өдгөө ч үргэлжилж байгаа бөгөөд нэр бүхий хүмүүсийг холбогдуулан шалгаж байгаа юм байна.