Говийн аймгуудын малчид замбараагүй олгогдсон лиценз бүхий уул уурхайг эсэргүүцэж, Төв талбайд гурван өдрийн турш тайван жагсаж, Төрийн өндөрлөгүүдэд есөн заалт бүхий шаардлага хүргүүлсэн билээ. Тэгвэл Даланжаргалан суманд нөхцөл байдал ямар байгаа талаар бид сурвалжиллаа.
ВИДЕО:
Дорноговь аймгийн Даланжаргалан суманд ашиглалтын 78, хайгуулын 19 компанид зөвшөөрөл олгожээ. Мөн өнгөрсөн онд дахин 10 хайгуулын тусгай зөвшөөрлийг Уул уурхайн яамнаас олгосон байх аж. Эдгээрийн дийлэнх нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани гэдгийг орон нутгийн иргэд хэлж байлаа. Мөн зарим хятад компаниуд нь ил бус газар доогуур олборлолт явуулдаг. Малчид хэзээ малтайгаа цөмөрч унахыг мэдэхгүй. Тийм л эрсдэлтэй орчинд амьдарч байна гэдгээ учирлаж байв.
-УУЛ УУРХАЙН САЙД Г.ЁНДОНЫ ҮГ АЖИЛ ХЭРЭГ БОЛОХГҮЙ БОЛ ТЭМЦЛИЙН ДАРААГИЙН ХЭЛБЭРТ ШИЛЖИХ БОЛНО-
ажил хэрэг болохгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болно Даланжаргалан суманд зуншлага тааруу байх аж. Энэ нь уул уурхайтай холбоотой гэдгийг малчид хүүрнэж байлаа. Учир нь уул уурхайн компаниуд газар нутгийг нь сэндийлж, ухаж байгаагаас байгаль дэлхий хилэгнэж, хур бороо хайрлахгүй байна гэлцэх. Харин тус суманд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан уул уурхайн компаниудын дийлэнх нь одоогийн байдлаар түр зогсонги байдалтай байгаа аж. Учир нь ковидын нөхцөл байдлаас шалтгаалан урд хөршийн хил гаалиас үүдэлтэйгээр ийнхүү үйл ажиллагаа нь түр зогсоод байгаа гэдгийг нутгийн удирдлагууд хэлж байлаа. Гэхдээ дээрх уурхайнууд үйл ажиллагаагаа хэвийн явуулаад эхлэхээр иргэд, малчдын хувьд хүндрэл ихээр гардаг аж. Тиймээс ч уул уухайн ашиглалтын зөвшөөрөлтэй 33 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож өгөх хүсэлтийг мэргэжлийн байгууллагад гаргасан байна. Мөн малчид жагсаал хийсний үр дүнд Даланжаргалан зэрэг суманд дахин лиценз олгохгүй гэдгийг Уул уурхайн сайд мэдэгджээ. Гэхдээ энэ нь аман яриа төдий. Сайдын хэлсэн энэ үг албажиж гартал малчид, орон нутгийнхан тайвшрахгүй. Үнэхээр ажил хэрэг болохгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болно гэдгээ ч тэд нуугаагүй юм.
-ТОЙРГИЙН ИРГЭД НЬ ТӨРИЙН ОРДНЫ ГАДНА ЖАГСАЖ БАЙХАД Б.ДЭЛГЭРСАЙХАН ГИШҮҮН ХАМРАА Ч ЦУХУЙЛГАСАНГҮЙ-
Харин тухайн сумын малчид “Манай суманд үйл ажиллагаа явуулж байгаа уурхайн дийлэнх нь хятад эзэнтэй. Тэд сумын иргэд, малчдыг ажилд авдаггүй. Зөвхөн хятад хүмүүсээ ажиллуулдаг. Харин Монгол эзэнтэй компаниуд нь арай өөр. Монголчуудаа ажилд авдаг. Ер нь энэ уул уурхайн асуудлыг даруй шийдэхгүй бол мал, малчингүй болох эрсдэл ойрхон байна. Уг нь ард иргэдийг төрд төлөөлж байгаа УИХ-ын гишүүд бидний дуу хоолойг төр засагт хүргэх учиртай ч үл тоомсорлож байгаад гомдож байна. Уг нь сонгуулийн өмнө бүгдийг шийдэж өгнө, асуудал байвал хэлээрэй гэж байсан. Гэтэл сая жагсаал хийхэд Т.Энхтүвшин гишүүн гарч ирж малчидтай уулзсан. Харин Б.Дэлгэрсайхан гишүүн хамраа ч цухуйлгасангүй. Үнэхээр гомдолтой байна” хэмээж байв.
-УУЛ УУРХАЙГ БОЛОХГҮЙ БАЙНА ГЭЖ ЯРЬЖ БАЙГАА МАЛЧДЫН ДИЙЛЭНХ НЬ ШАНТААЖ ХИЙДЭГ МАЛЧИД БАЙДАГ-
Тус суманд үйл ажиллагаа явуулдаг, нэрээ нууцлахыг хүссэн уурхайн эзэн “Даланжаргалан суманд уул уурхай хөгжиж байгаа нь үнэн. Энэ хэрээр сайн, муу асуудал гардаг. Гэхдээ бүгд асуудалтай биш. Малчид тэмцээд асуудал үүсээд ирэхээр бүгд муухай харагдаж байна. Хууль, журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд энэ бүхний хоморгод өртөж байгаа нь шударга бус. Манай компанийн тухайд хариуцлагатай уул уурхайг эрхэмлэдэг. Бид улсад татвар хураамжаа төлөөд сум орон нутгаас ажиллах хүч боломжийн хэрээр авч ажиллуулдаг. Мөн цаг хүнд үед малчдад тусалж, дэмждэг. Харин уул уурхайг болохгүй байна гэж ярьж байгаа малчдын дийлэнх нь ямар нэгэн байдлаар уул уурхайн компаниудаас мөнгө төгрөг нэхэмжилсэн хүмүүс байдаг. Муухайгаар хэлбэл, шантааж хийдэг малчид байгаа гэсэн үг. Тэд амандаа багтсан мөнгийг нэхдэг. Тэгээд өгөхгүй болохоор нь “Малчид үхлээ, бэлчээр усгүй боллоо” гээд хашхирч эхэлдэг. Харин Хятад эзэнтэй компаниуд тэдэнд хангалттай хэмжээний нэхсэн мөнгийг нь өгдөг болохоор хэзээ ч халдаж чаддаггүй. Энэ бүхний ялгаа заагийг гаргах нь л чухал байна” хэмээж байсан юм.
Дорноговь аймгийн Даланжаргалан суманд уул уурхайн лицензийг замбараагүй олгосноос малчид болоод уул уурхайн компаниудын дунд нэлээд зөрчил үүсэж, улмаар үл ойлголцол нь хурцдаж мэдэхээр болжээ. Тиймээс ч эл асуудлыг хөндөж, малчид Төрийн өндөрлөгүүдэд хандсан байна.