ФОТО: Адууг сэрвээний өндрөөр нь хэмжиж уралдуулахыг эсэргүүцсэн уяачид морьтой жагслаа

ФОТО: Адууг сэрвээний өндрөөр нь хэмжиж уралдуулахыг эсэргүүцсэн уяачид морьтой жагслаа

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эсэргүүцсэн уяачид морьтой жагсаалыг өнөөдөр /2022.06.06/ зохион байгууллаа. Тэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад өргөх бичиг хүргүүлсэн юм. 

Өргөх бичигт, "Адууны сэрвээрийн өндрийг хэмжиж уралдуулахыг эсэргүүцэж байна. Хэрэв сэрвээний өндрөөр хэмжиж уралдвал зөвхөн эрлийз морины уралдаан болно. Өнөөдөр 210 мянга гаруй малчин өрх,  монгол малчин ардын наадам Монголоороо наадамлах боломжгүй боллоо" гэсэн байна.  

Харин Уяач н.Мөнхбат энэ талаар "Үндэснийхээ өв соёлыг аврах гэж төрийн батлах гэж буй хуулийг эсэргүүцэж байна. Энэ хууль батлагдвал төрийн наадамд монгол морь уралдах боломжгүй болно. Стандарт хэмжээ гэж байхгүй. Гаднын бөх барилдаж байгаагүй шиг наадамдаа монгол морьдоо уралдуулъя. Эрт дээр үеэсээ зургаан насны морьд уралдуулж байлаа. Хэзээ ч есөн насны морьд уралдуулж байгаагүй. Үүлдэрлэг байдлаар нь ялгавал болж байна. Би хараад л мэднэ. Стандарт хэмжээгээ хасчих. Мэргэжлийн хүмүүс нь хараад танина. Монголын соёлыг үгүй хийсэн хууль батлах гэж байна. Монгол наадам монголчуудын дархлаа. Монгол наадамд монгол адуу уралдахгүй байх нөхцөл бүрдээд байна" гэсэн юм.