ВИДЕО: З.Энхболдын хамаарал бүхий "Нүүрс угаах үйлдвэр" Чойр суманд орчны бохирдлыг ихээр үүсгэх болжээ

ВИДЕО: З.Энхболдын хамаарал бүхий "Нүүрс угаах үйлдвэр" Чойр суманд орчны бохирдлыг ихээр үүсгэх болжээ

Говийн аймгуудын малчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байгаа учир тэд өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлж тайван жагссан. Тэдний жагсах шалтгааны нэг нь “Страто” ХХК гэхэд нэг их хилсдэхгүй биз.

ВИДЕО: 

Ийнхүү өгүүлэхийн учир нь говийн аймгуудын малчид говийн бүс дэх уул уурхай, үйлдвэрлэлд стратегийн үндсэн нөөц болох гүний усыг ашиглахыг хориглосон хууль нэн даруй гаргах. Мөн сүүлийн 3 жилийн турш Тавантолгойн бүлэг ордоос Чойр, Ханги мандал чиглэлд тус бүр 470 км 35-39 салаа зам гаргаж шороон замаар тээвэр хийсний улмаас үүсээд буй байгаль орчны экологи, эдийн засгийн хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх ажлыг Засгийн газар нэн даруй шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлэхийг хатуу шаардсан билээ.

-ҮЙЛДВЭРЭЭС ГАРЧ БАЙГАА ТООСЖИЛТ НЬ ОРЧНЫ БОХИРДЛЫГ ИХЭЭР ҮҮСГЭЖ, ИРГЭДИЙН ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХИЙГ ЗӨРЧИЖ БАЙНА-

Страто ХХК-ийн нүүрс угаах үйлдвэрийн орчин. 2022.06.04

Тэгвэл Хаялга нуурыг түшиглэж нүүрс угаадаг гэх “Страто” ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэс-Тавантолгой компаниас сайн чанарын коксжих нүүрс авч, баяжуулалт хийдэг. Харин уг нүүрсийг тээвэрлэхдээ нүүрс тээврийн хүнд даацын машинууд Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр гэсэн гурван аймгийн 6 сумын нутгаар 430 км шороон зам туулж, зам зуурын газрын хөрсийг эвдэж, замыг там болгосон гэдэг. Мөн тус компани нь Хаялга нуурын усыг ашиглах нэрийн дор хууль бусаар гүний худаг ухаж түүгээрээ нүүрс угаадаг байсан байна. Үүнийг нь ч мэргэжлийн байгууллагаас тогтоож, торгууль ногдуулж байжээ. Харин нутгийн иргэд “Страто” ХХК гүний худаг гаргаснаас болж Шивээговь сумын ундны ус иргэдээ ч, малаа ч хангаж дийлэхээ больсон. Мөн тус үйлдвэрээс гарч байгаа тоосжилт нь орчны бохирдлыг ихээр үүсгэж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна” гэдгийг хэлж байгаа юм. Тиймээс ч дээрх шаардлагыг Төрийн өндөрлөгүүдэд хүргүүлсэн аж.

-"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ"-ГООС НҮҮРС ТЭЭВЭРЛЭЖ ИРСЭН АВТОМАШИНУУД “СТРАТО” ХХК-НЫ ҮЙЛДВЭРИЙН ГАДНА ДУГААРЛАЖЭЭ-

Страто ХХК-ийн нүүрс угаах үйлдвэрийн орчин. 2022.06.04

Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор бид тус үйлдвэрийг зорьсон юм. Говьсүмбэр аймгийн Шивээговь сум дахь “Страто” ХХК-ийн нүүрс угаах үйлдвэрт очиход нүүрсний хар тоос тэр хавийг бүрхэж, битүү тоосжилт үүссэн байв. Тэнд малчид малаа хариулах нь байтугай автомашинтай хүн ч удаан зогсох аргагүй аж. Тус үйлдвэрт нүүрс буулгахаар 10 гаруй автомашин үйлдвэрийн гадна дугаарлаж зогсжээ. Тухайн нүүрс тээврийн жолооч нараас хаанаас нүүрс тээвэрлэж ирсэн болон аль автозамаар тээврээ хийж байгааг тодруулахад “Эрдэнэс Тавантолгой"-гоос нүүрс тээвэрлэж ирсэн. Төв зам буюу засмал замаар 45 тонноос бага ачаа тээвэрлэх ёстой. Харин бид 43.9 тонноор ачаагаа ачиж, засмал замаар тээврээ хийж байгаа болохоор нэг хоноод л энд ирж байна. Тиймээс ч дараалал ихээр үүсээд байгаа. Нэг тонн ачааг 95 мянгаар тээвэрлэдэг” гэх мэдээллийг өгсөн.

-“СТРАТО” КОМПАНИ УИХ-ЫН ДАРГА АСАН З.ЭНХБОЛДЫН ДҮҮ З.ХИШИГТОГТОХЫНХ-

Ашиглалтад орохоосоо эхлээд багагүй хэл ам дагуулсан “Страто” ХХК-ийн 50 хувийг БНХАУ-ын Шаньдун Шенхан Жиеэ Эдийн Засгийн Худалдааны ХХК, Ling Tao, Zhao Xingshung эзэмшдэг бол 37 хувийг УИХ-ын дарга асан З.Энхболдын дүү З.Хишигтогтохын хамаарал бүхий этгээд болох А.Баттүшиг эзэмшдэг байна. Улсын бүртгэлийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Өөрөөр хэлбэл “Страто” ХХК нь УИХ-ын дарга асан З.Энхболдын дүү З.Хишигтогтохын компани юм. Тодруулбал, З.Хишигтогтох нь А.Баттүшиг гэх залуугийн нэр дээр тус компанийн хувиа бүртгүүлээд, өөрөө удирддаг байна. Тиймээс ч тус компанид хууль үйлчилдэггүй гэдгийг нутгийн иргэд хэлж байлаа.  

Страто ХХК-ийн нүүрс угаах үйлдвэрийн орчин. 2022.06.04

Страто ХХК-ийн нүүрс угаах үйлдвэрийн орчин. 2022.06.04

Страто ХХК-ийн нүүрс угаах үйлдвэрийн орчин. 2022.06.04

Страто ХХК-ийн нүүрс угаах үйлдвэрийн орчин. 2022.06.04