СУРВАЛЖИЛГА: Сураггүй болсон 14 настай хүүгийн цогцос олдсон барилгад өмнө нь хоёр удаа хүн осолдож нас барсан хэрэг гарч байжээ

СУРВАЛЖИЛГА: Сураггүй болсон 14 настай хүүгийн цогцос олдсон барилгад өмнө нь хоёр удаа хүн осолдож нас барсан хэрэг гарч байжээ

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод энэ сарын 5-ны өдөр /2022.06.05/ 14 настай хүү өндрөөс унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан тухай бид мэдээлж байсан. Тодруулбал, Хөвсгөл аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг байсан "Хөвсгөл-гурил тэжээл" ХХК-ийн ашигладаггүй барилга дотор найзуудтайгаа тоглож байсан 14 настай хүү зоорины давхар луу унаж амиа алджээ.

Хэргийн дуудлага зургадугаар сарын 05-ны өдрийн 12:20 цагт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын ерөнхий газарт ирсэн байна. Дуудлагын дагуу алба хаагчид хэргийн газарт очиход “ Хөвсгөл-гурил тэжээл” ХХК-ийн ашигладаггүй агуулахын 9 орчим метрийн гүнтэй будаа хадгалдаг зоорин давхраас тус сумын долдугаар хорооны харьяат иргэн Г-гийн хүү О /14 настай, эрэгтэй/ нас барсан байдалтай олджээ. Тухайн хүүхэд зургадугаар сарын 2-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсныг Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байсан юм. Иймд сурагчдын зуны амралт эхэлсэн байгаа энэ цагт хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулах үүднээс тус мэдээллийг бэлтгэлээ. 

-ХҮҮ ТУХАЙН ГАЗАРТ НАЙЗУУДТАЙГАА ТОГЛОЖ БАЙСАН БӨГӨӨД НАЙЗУУД НЬ ТАЛИЙГААЧ ХҮҮГ ОЛООГҮЙ УЧИР ГЭРТЭЭ ХАРЬСАН ГЭЖ ОЙЛГООД ЯВСАН БАЙЖЭЭ-

Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр, Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлж байгаа юм.

Уг харамсалтай хэрэг гарсан үйлдвэр нь олон жилийн өмнө үйл ажиллагаагаа зогсоосон цонхнууд нь хагарч, зарим хэсэг нь нурсан томоохон барилга бөгөөд долоо найман харуул хамгаалалтын ажилтан амьдардаг байна. Эзэмшигчийн маргаанаас үүдэж одоог хүртэл нураагаагүй. Барилга ТУЗ-ын гишүүд гэх таван хүний нэр дээр бүртгэлтэй байдаг ч Л.Ганбат гэх иргэн хуурамч бичиг баримт үйлдэж ганцаараа эзэмшиж байж болзошгүй барилга аж.

"Хөвсгөл-гурил тэжээл" ХХК-ийн үйлдвэр /2022.06.06/

-ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХЭЭС “ХӨВСГӨЛ ГУРИЛ ТЭЖЭЭЛ” ХХК-НИЙ БҮРТГЭЛ НЬ ИЛТ ХУУЛЬ БУС БОЛОХЫГ ТОГТООСОН БАЙНА-

Хөвсгөл аймагт гурилын үйлдвэр чиглэлээр ажилладаг байсан тус үйлдвэр үйл ажиллагаан зогсож цонхнууд нь хагарч өдгөө нурж унасан хэдэн том байшин болжээ. Уг барилга нь 1998 онд Төрийн өмчийн хорооны шийдвэрээр “Хөвсгөл гурил тэжээл” компанийг төрийн мэдлийн 51 хувийг 96 сая төгрөгөөр таван хүн хувьчилсан байна.

“Хөвсгөл гурил тэжээл” компанийн таван хувьцаа эзэмшигч

Д.Бямбаа, Л.Ганбат, М.Бат-Очир, Б.Батсуурь Д.Нансалмаа нарын таван хувьцаа эзэмшигчээс хамгийн олон хувьцаа буюу 24.9 хувийг нь Д.Бямбаа авчээ. Тухайн үед компанийн бүх гишүүдийн хурлаас Д.Бямбааг “Хөвсгөл гурил тэжээл” компанийн ТУЗ-ийн дарга, Л.Ганбатыг гүйцэтгэх захирлаар томилжээ. Харамсалтай нь гүйцэтгэх захирал Л.Ганбат компанийн тамга тэмдгийг хуурамчаар үйлдэн, хуурамч бичиг баримт бүрдүүлж, компанийн дүрмийг өөрчлөн, ганц эзэмшигчтэй болгож улсын бүртгэлд бүртгүүлсэн тухай ТУЗ-ийн дарга Д.Бямбаа гомдол гаргасан байна. Ингэснээр 2021 оны зургадугаар сарын 11-нд Захиргааны хэргийн шүүхээс 2004 оны “Хөвсгөл гурил тэжээл” ХХК-ний дүрэм гэгчийг бүртгэсэн бүртгэл нь илт хууль бус болохыг тогтоосон байдаг.

Л.Ганбат компанийн тамга тэмдгийг хуурамчаар үйлдсэн бичиг

-ЗАХИРАЛ Л.ГАНБАТАД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГДАА, ПРОКУРОР ГУРВАН ЖИЛИЙН ТУРШ ШАЛГАЖ БАЙГАА Ч ДОРВИТОЙ ШИЙДВЭР ГАРГААГҮЙ-

Харин өнгөрсөн хугацаанд “Хөвсгөл гурил тэжээл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л. Ганбат нь хуурамч тамга тэмдгээ ашиглан, хувьцаа эзэмшигчдийн дундын санд байршуулах ёстой ашиг орлогыг хувьдаа завшсан гэж хамтран өмчлөгчид нь баталсан байна. Тус үйлдвэрийн барилгын дээвэр дээр байршуулсан үүрэн телефоны оператор компаниудын баримтын хамт удаа дараа шүүхэд хандаж байжээ. Мөн гурилын үйлдвэр чиглэлээр ашиглаж байсан барилгыг төдийлөн ашиг олохгүй байна гэх нэрийдлээр хааж хувийн эзэмшил болгосноор тус байгууламжид антен байршуулсан түрээс болох олон сая төгрөгийг эхнэр Д.Нарантуяагийн “Тэс гүн” ХХК-ар дамжуулан завшсан байж болзошгүй хэргээр 2019 оноос Эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа аж. Мөн 2010 онд Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн олон мянган тонн улаан буудайг хадгалах гэрээгээр авсан ч 1500 гаруй тонн улайн буудайг нь дутаажээ.

Шүүхээс Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас нэхэмжилсэн 343 сая төгрөгийг “Хөвсгөл гурил тэжээл” компаниас олгуулахаар шийдвэрлэхэд энэ өрөнд Хөвсгөл гурил тэжээл компанийн өмчлөлийнх объектыг шилжүүлэхээр болсон байна. “Илт хууль бус, хамтран өмчлөгчдийнхөө эрхийг удаа дараалан зөрчсөн Хөвсгөл гурил тэжээл компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Л.Ганбатад холбогдох хэргийг Хөвсгөл аймгийн Цагдаа, прокурор гурван жилийн турш шалгаж байгаа ч дорвитой шийдвэр гаргахгүй удаашруулж” байгаа талаар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд хэлсэн байдаг.

"Хөвсгөл-гурил тэжээл" ХХК-ийн үйлдвэр /2022.06.06/

- ТУХАЙН ҮЙЛДВЭРТ ӨНДӨР ХҮЧДЭЛИЙН ЗУРГААН МЯНГАТАЙ ШУГАМ ТАСРААД ГАЗАРТ УНАСАН БАЙГАА ХАРАГДСАН ТЭР БОЛ ОЙРТСОН ХҮНИЙГ ШУУД АЛАХ ОСОЛТОЙ-

Тэгвэл нутгийн иргэдийн мэдээлж буйгаар, “Тус гурилын үйлдвэрийг Монгол Улсын гавьяат эдийн засагч Д.Бямбаа гэж хүний мэдэлд байдаг гэх мэдээлэл аймгийн иргэдээс ирж байгаа бол зарим нь Хөвсгөл аймгийн Засаг даргын орон тооны зөвлөх Л.Ганбат гэх хүн хамааралтай” гэсэн юм.

Харин дээр дурдсан харамсалтай хэрэг болон үйлдвэрийн талаар “Хөвсгөл гурил тэжээл” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Д.Бямбаа тайлбар хийхдээ, “Юуны түрүүнд амиа алдсан хүүгийн ар гэрт эмгэнэл илэрхийлье. Ийм харамсалтай хэрэг гарсныг Хөвсгөл зар группээс олж мэдлээ. Манай гурилын үйлдвэр 2005 он хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаад хувьчлагдаж төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн хуурамч бичиг баримтаар ганцаараа захирах болсноос хойш үйлдвэрээ хаасан. Улмаар үйлдвэрийг “Улаан буудайн санд барьцаалж 500 гаруй сая төгрөг авч, мөнгийг хувьдаа завшиж, хувиараа үйл ажиллагаа явуулах болсон. Энэ мэт олон асуудал нь одоо ч шүүх дээр явж байна. Үйлдвэр зогсож 40 гаруй нэгж ажилладаг байсан том байгууламж маань одоо нурсан байдалтай ихэнх нь цонх үүд нь онгорхой балгас болсон. Энэ үйлдвэрийг цэгцлэх гэж 10 гаруй хэргийн гомдлыг баримтын хамт шүүхэд барьсан боловч шийдэгдээгүй байгаа. Би зургадугаар сарын нэгэнд Хөвсгөл аймагт очих үедээ үйлдвлийг шалгахаар очсон. Гэтэл долоо найман айл хамгаалагч нэртэй дотор нь амьдардаг болсон байсан. Ойртох гэсэн боловч чулуу шидэж, мод бариад оруулаагүй.

- ҮЙЛДВЭРИЙГ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС ЗУРГАДУГААР САРЫН 02-НД  ШАЛГАЛТ ХИЙЖ ЛАЦАДСАН БАЙСАН-

Мөн тухайн үйлдвэрт өндөр хүчдэлийн зургаан мянгатай шугам тасраад газарт унасан байгаа харагдсан тэр бол ойртсон хүнийг шууд алах осолтой. Тиймээс энэ асуудлаар Хөвсгөл аймгийн Онцгой комиссод аюулгүй болгох дуудлагыг зургадугаар сарын 01-нд  өгсөн. Манай байгууллага амарч байгаа учир ажлын өдөр шалгана та хүсэлтэй өгөөрэй бид очиж шалгах болно гэж н.Гансүх гэдэг хүн хэлсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зургадугаар сарын 02-нд шалгалт хийж лацадсан. Гэвч маш олон газраа онгорхой хаанаас нь ч орох боломжтой учраас хүүхэд орсон болов уу гэж бодож байна. Гэхдээ яг хараагүй болохоор хаагуур орсныг мэдээгүй. Байгууламж долоо, найман газраа нурсан хана, хашаатай дахин сэргээж ажиглуулах ямар ч боломжгүй” гэв.

"Хөвсгөл-гурил тэжээл" ХХК-ийн үйлдвэр /2022.06.06/

-ХӨВСГӨЛ ГУРИЛ ТЭЖЭЭЛ” ХХК-НЫ ХАЯГДСАН ҮЙЛВДЭРТ ӨМНӨ НЬ ХОЁР УДАА ХҮН ОСОЛДОЖ НАС БАРСАН ХЭРЭГ ГАРЧ БАЙЖЭЭ-

Мөн түүнчлэн 14 настай хүүгийн цогцос олдсон “Хөвсгөл гурил тэжээл” ХХК-ны ашиглахаа больж агуулах болсон тус барилгад өмнө нь хоёр ч удаа хүн осолдож нас барсан хэрэг гарч байжээ. 

Тухайлбал, Байшин руу авирч тоглож байсан 16 настай охин унаж нас барсан бөгөөд энэ хэргээс  хэдэн жилийн өмнө тус үйлдвэрт нэг хүн будаанд дарагдаж амиа алдсан гэхчлэн харамсалтай хэргүүд дагуулсан эзэмшигчийн маргаанаас болж одоог хүртэл нураагаагүй цонх, хашаа нь онгорхой балгас байдаг тухай нутгийн иргэд хэлж байлаа. Мөн тус үйлдвэрийн хашаанд хэд хэдэн айл амьдардаг. Ингэхдээ харуул харуулын ажлыг хийдэг гэж удирдлагууд нь мэдэгдэж байгаа ч хүүхэд осолдож, орж тоглож байхад мэдээгүй гурав хоножээ. Тэгэхээр тус барилгын харуул хамгаалалт нь сул байж магадгүй байгаа юм. Хичээл сургууль амарч хүүхдүүд хараа хяналтгүй гарах, тоглох болсонтой холбогдуулан энэ мэт нийгэмд аюултай хэдийнээ үр ашиггүй болсон барилга байгууламжуудыг нураах, эцэг эхчүүд хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулах шаардлагатай гэдгийг анхааруулах үүднээс бид уг мэдээллийг нийтлэв.