"Эрдэнэт мандал" овоог тахих ажээ

"Эрдэнэт мандал" овоог тахих ажээ

Энэ сарын 8,9-ний билэгт сайн өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Долоон бурхан" од, Эрдэнэт Мандал овоогоо тахих гэж байна. Хоёр жил тутамд тахидаг уг уламжлал цар тахлын улмаас хойшлогдоод байсан юм. Сүүлийн зургаан жил “Эрдэнэт мандал” овоог тахиагүй аж.

Иймд энэ сарын 8-ны 21.00 цагаас “Долоон бурхан” одыг тахих ёслол Эрдэнэт хотын Цэнгэлдэх хүрээлэн буюу наадмын талбайн урд энгэрт зохион байгуулна. “Долоон бурхан” одыг лед гэрлээр түмэн олонд харагдахуйцаар дүрслэн байрлуулж, зан үйлийн тайлбарыг ойлгомжтой байхаар зэхэж байна. “Долоон бурхан”-ы од болгонд харьяалагдах жил, тэдний өргөл шашны зан үйлд ялгаатай байдаг талаар “Жалданжанчүвлин” хийдийн Хамба лам Б.Мөнхтогоо хэвлэлийн бага хурлын үеэр тайлбарлалаа.

Тухайлбал, шанага талаасаа 1-р одны хулгана жилтнүүд сүү, 2-р одны үхэр, гахай жилтнүүд ааруул ээзгий, 3-р одны бар, нохой жилтнүүд цагаан будаа, 4-р одны туулай, тахиа жилтнүүд улаан буудай, 5-р одны луу, бич жилтнүүд гүнжидийн үр, 6-р одны хонь, могой жилтнүүд вандуй, 7-р одны морь жилтнүүд хүрэн вандуй өргөж ажил үйлсээ даатгах учиртай аж. 

Эрдэнэтийнхэн, цаашлаад Монголын ард түмэн буянтай буурал уулынхаа хишгийг олон жил хүртлээ. Тэр дундаа цар тахлын хүнд үед Монголын аж ахуйн нэгж, айл өрх бүрийн цахилгаан, дулаан, усан хангамж, хог хаягдлын төлбөр болох 1.1 их наяд төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хариуцан санхүүжүүлсэн. Иймээс газар эхийнхээ хэвлийн үр шимийг хүртэн сайн сайхан амьдарч байгаагийн хариуд уул ус, лус савдгаа аргадан номхруулж, баясгах зан үйлийг ёс жаягийнх нь дагуу хийх нь зүйтэй. Ингэж гэмээ нь байгаль дэлхий ээл буянаа илүү хайрлаж, тэнгэр бурхны адис жанлав орших болно хэмээн Ажлын багийн ахлагч, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх ярьжээ. 

Эх сурвалж: Монцамэ




“BONUS BOOST” BSB-д

4 цагийн өмнө