ВИДЕО: Ш.Адьшаа, М.Энх-Амгалан нарын хамаарал бүхий хүмүүс УБТЗ-ын эзэмшлийн төмөр замыг хувийн өмч мэт ашиглах болжээ

ВИДЕО: Ш.Адьшаа, М.Энх-Амгалан нарын хамаарал бүхий хүмүүс УБТЗ-ын эзэмшлийн төмөр замыг хувийн өмч мэт ашиглах болжээ

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан нарын хамаарал бүхий компаниуд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон овоо өртөөн дэх Улаанбаатар төмөр замын эзэмшлийн наймдугаар замыг “хувийн” зам мэт ашиглах болжээ. Бид энэ талаар сурвалжиллаа.

ВИДЕО:

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон овоо өртөөн дэх наймдугаар замыг Улаанбаатар төмөр замын овор ихтэй ачаа бараа, Чулуун заводын буталсан чулууг тээвэрлэхээр анх тавдугаар замын үргэлжлэл болгон барьж байжээ. Харин сүүлийн жилүүдэд “Шанд ложистик” ХХК нь эл замыг хувийн зам мэтээр ашиглах болсон байна. Тодруулбал,  тус компани нь “Талын хишиг майнинг” ХХК-тай хамтран Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон овоо өртөөнөөс нүүрс ачиж, БНХАУ-руу гаргадаг аж. Ингэхдээ дээр өгүүлсэнчлэн тус өртөөний наймдугаар замыг ашиглах болжээ. Мөн Чулуун заводын ойролцоох газрыг ч өөрийн болгосон байгаа нь анхаарал татаж байгаа юм.

-НАЙМДУГААР ЗАМ НЬ УБТЗ-ЫН ЭЗЭМШЛИЙНХ Ч АШИГЛАЛТЫГ МЭДЭХ АЛБАН ТУШААЛТАН АЛГА-

Эл асуудлыг “Улаанбаатар төмөр зам”-ын Тээвэр зохион байгуулалтын алба, Олон овоо өртөөний захиргаа, Чулуун заводын захиргаа зэрэг албаны байгууллагаас тодруулахад “Бид мэдэхгүй. Мэдээлэл өгөх боломжгүй” гэхээс өөр дорвитой хариулт өгөх хүн олдоогүй юм. Харин өөр нэг эх сурвалж “Наймдугаар замыг түрээслүүлдэг” гэх мэдээллийг өгөв. Чухам хэдэн төгрөгөөр, хэдий хугацаанд түрээслэдэг болох мэдээлэл хаалттай аж. Өөрөөр хэлбэл Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өмч эзгүйдсэн үү, эсвэл дээрх компаниудад давуу байдал олгож, замыг түрээсэлсэн учир мэдээлэл өгөхөөс татгалзаж нуув уу гэх хардлага төрж байгаа юм.

-Ш.АДЬШАА, М.ЭНХ-АМГАЛАН НАРТАЙ ХАМААРАЛ БҮХИЙ КОМПАНИ УБТЗ-ЫН НАЙМДУГААР ЗАМЫГ ТҮРЭЭСЭЛДЭГ-

Тэгвэл Олон овоо өртөөний наймдугаар замыг хувийн хэвшил ашиглах болсон асуудалд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан нар нөлөөлсөн байж магадгүй байна. Тодотговол, Олон овоо өртөөний наймдугаар замыг түрээсээр ашиглаж байгаа гэх “Шанд ложистик” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Энхсайхан, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нар нь Монгол Хятадын соёл, эдийн засгийн хөгжлийг дэмжих нийгэмлэгийг хамтран эзэмшдэг байсан. Мөн “Шанд ложистик” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Батцоож нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн ангийн хүүхэд аж.

Харин наймдугаар зам дээр “Шанд ложистик”-той хамт үйл ажиллагаа явуулдаг “Талын хишиг майнинг” ХХК нь Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн дүү М.Бат-Амгалангийх бөгөөд тэрбээр “Шанд ложистик”-ийн хувьцаа эзэмшигч Б.Энхсайхантай хамт “Шинэ ази ложистик” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Нэг үгээр хэлбэл тэд халаас нэгтэй гэсэн үг юм. Энэ нь ч дээрх хардлагыг төрүүлж буй юм.  

Ямартай ч Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон овоо өртөөн дэх Улаанбаатар төмөр замын эзэмшлийн наймдугаар замыг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан нарын хамаарал бүхий хүмүүс түрээс нэрийн дор хувийн өмч мэтээр ашиглаж, Чулуун заводын ойролцоох газрыг хүртэл нүүрс буулгах талбай болгоод байгаа асуудалд холбогдох албаныхан анхаарал хандуулж, төрийн өмчийг эзэнтэй болгож, хяналт тавих шаардлагатай байна.




Өнөөдөр бар өдөр

33 минутын өмнө