Хогийн саванд хаягдсан хүүхдийг залуус олж, яаралтай эмнэлэгт хүргэснээр амь насыг нь аварчээ

Хогийн саванд хаягдсан хүүхдийг залуус олж, яаралтай эмнэлэгт хүргэснээр амь насыг нь аварчээ

Томчуудын хариуцлагагүй байдлаас болж бага насны хүүхэд бие махбод, амь насаараа хохирох тохиолдол цөөнгүй гардаг. Үүний нэг жишээг сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.

-НЯРАЙГ ЭМНЭЛЭГТ ХҮРГЭН ИРЭХЭД БИЕ НЬ ХӨХӨРЧ, ХҮЙТЭН БОЛСОН, АМЬСГАЛ, ЗҮРХНИЙ ЦОХИЛТ НЬ ЦӨӨРСӨН, ТУН ХҮНД БАЙДАЛТАЙ БАЙЖЭЭ-

Өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн ... суманд залуу бүсгүй ажлынхаа газрын ариун цэврийн өрөөнд төрж, нярай хүүхдээ гялгар уутанд хийн, хогийн саванд орхисон хэрэг гарчээ. Бүсгүй тухайн үед зургаан сартай жирэмсэн байсан бөгөөд ажлаа хийж байтал бие нь гэнэтхэн өвдсөн байна. Тийнхүү ариун цэврийн өрөөнд орж, хүүхдээ төрүүлжээ. Бүсгүй хүүхдээ хаясан шалтгаанаа “Хугацаанаасаа өмнө гэнэт өвдөж, төртөл хүүхэд дуугарахгүй, хөхөрчихсөн байсан. Тиймээс айсандаа хогийн саванд хийсэн” гэж тайлбарласан байдаг. Азаар тухайн үед хоёр залуу хаягдсан хүүхдийг олж, гадуур хувцсандаа боон яаралтай эмнэлэгт хүргэжээ. Залуус болсон явдлын талаар “дэлгүүр орохоор явж байтал хогийн саванд ямар нэг зүйл дуугарах чимээ гарсан. Нээгээд үзтэл хар уутанд нярай хүүхэд хийчихсэн байсан. Бид хүүхдийг куртиктаа боогоод, шууд Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн” гэжээ.

Нярай эмнэлэгт бие нь хөхөрч, хүйтэн болсон, амьсгал зүрхний цохилт нь цөөрч, осгосон, нэлээн хүнд байдалтай иржээ. Улмаар эмч нар амьсгал, зүрх судас дэмжих эрчимт эмчилгээ хийсний үр дүнд амь насны үзүүлэлтүүд нь тогтворжсон байна. Одоо нярайн биеийн байдал хэвийн болсон бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлэгт байгаа аж. Эмнэлгийн ажилчид нэмэлт тэжээлээс гадна заримдаа дөнгөж төрсөн эхчүүдийн хөхний сүүгээр нярайг хооллодог байна. Мөн нярайд М.Буянзаяа гэдэг нэр өгчээ.

-НЯРАЙН ЭЭЖИД НЭГ ЖИЛИЙН ТЭНСЭН ХАРГАЛЗАХ ЯЛ ОНООЖЭЭ-

Нярайн ээж “Хүүхдээ авахуулах гэтэл томорчихсон байсан. Хоёр хүүхэд тэжээж чадахгүй учраас хүүхдээ буцаан авах боломжгүй” гэсэн байна. Тиймээс нярайг хүүхэд хамгааллын ажилчид эргэж, тойрч, эмч нар асарч байгаа аж. Уг хэргийн шүүх хурал өнгөрсөн тавдугаар сар /2022.05/-ын сүүлээр болжээ. Шүүхээс шүүгдэгч Н /нярайн ээж/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “сэтгэл санааны хямралтай байх үедээ нярай хүүхдээ алахыг завдсан” гэм буруутайд тооцсон байна. Улмаар М-д нэг жилийн тэнсэн харгалзах ял оноожээ. Бид энэхүү нийтлэрээ хэн нэгнийг буруутгах гэсэнгүй. Харин томчуудын хариуцлагагүй үйлдлээс болж ямар ч гэм зэмгүй бяцхан хүүхдүүд бие махбод, сэтгэл санаа, амь насаараа хохирч буйг сэрэмжүүлэхийг зорилоо.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө