Б.Пүрэвдорж: Сая дэгдсэн махны үйлдвэртэй холбоотой асуудал бол монгол махны бизнесийг унагаах гэсэн санаатай үйлдэл

Б.Пүрэвдорж: Сая дэгдсэн махны үйлдвэртэй холбоотой асуудал бол монгол махны бизнесийг унагаах гэсэн санаатай үйлдэл

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багийнхнаас асуулт асуув. Тухайлбал, хүүхдийн хоол үйлдвэрлэлийг сайжруулах, хуурай сүүний импортын татварыг нэмэхэд анхаарах хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хэллээ.

Хүнс хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан, “Эхний ээлжид 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэглээг бүрэн хангах асуудлыг тогтоолын төсөлд тусгасан. Ирэх таван жилд 145 тэрбум төгрөгөөр малаа эрүүл болгох ажлыг хэрэгжүүлнэ. Биолбэлдмэлийн үйлдвэрийг өргөжүүлнэ. Хүүхдүүдэд өгч байгаа махны эрүүл ахуйг ч анхаарна” хэмээв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа махны экспортыг түр зогсоох шийдвэрийг эргэн харах хэрэгтэй. Сая дэгдсэн махны үйлдвэртэй холбоотой асуудал бол монгол махны бизнесийг унагаах гэсэн санаатай үйлдэл гэж харж байгаа. 2021 онд бэлтгэсэн 6,000 тн дулааны аргаар боловсруулсан мах, 4,000 тн адууны мах байгаа. 2021 онд зуд болсон. Тэр үеийн туранхай малын мах ийшээ орчихсон байгаа. Дулааны аргаар боловсруулсан махны бүх өөхийг нь аваад, буцалгаад авчихсан учраас шим шүүс нь гарчихсан, 25 мянган төгрөгийн өртөгтэй. Ийм махыг зах зээл рүү оруулна гэж байхгүй. Шинэ мах гарчихсан байхад ийм мах авдаг гуанз ч байхгүй. Дээрээс нь 4,000 тн адууны мах байна. Халуун зунаар адууны мах иддэг хүн байхгүй. Ингэхээр махны үйлдвэрүүд 100 гаруй сая ам.долларын асуудалд орж байна. Үүнийг экспортод гаргахгүй бол махны үйлдвэрүүд намрын махны бэлтгэл хийж чадахгүйд хүрнэ. Тиймээс дээрх махыг экспортод гаргахыг хориглосон шийдвэрээ Засгийн газар эргэж харах ёстой.

Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан, “Зөвхөн дулааны аргаар боловсруулсан махны экспортыг он дуустал экспортлохоо болих шийдвэр гаргасан. Махны экспорттой холбоотойгоор Монгол Улсын нэр хүнд яригдаж байгаа. Саяхан үүссэн асуудлыг шалгахад олон зөрчил илэрсэн. Тиймээс хяналтыг цаашид чангатгаж, махны хяналтын төвүүд мэргэжлийн хяналтынхантай хамтарч ажиллана” гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа мэргэжлийн хяналт болон холбогдох албаныхан хуванцар савны аюулгүй байдлыг хангахад хяналт тавих шаардлагатай байгааг хэллээ. Дулааны аргаар боловсруулсан мах экспортод гаргахгүй гэсэн шийдвэр малчид болоод махны үйлдвэрийн ажилтнуудад хүнд тусаж байна хэмээн шүүмжлэв. Ийнхүү уг тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ. Байнгын хороо өнөөдөр хуралдаж эцсийн хэлэлцүүлгийг хийх бөгөөд маргааш буюу энэ сарын 17-ны чуулганы хуралдаанаар батлахаар төлөвлөжээ. Чуулганаар Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.