“Цахилгаан дугуй”-ны стандарт, хууль байхгүйгээс ЕБС-ийн сурагчид өөрийн болон бусдын амь насыг эрсдэл учруулах болжээ

“Цахилгаан дугуй”-ны стандарт, хууль байхгүйгээс ЕБС-ийн сурагчид өөрийн болон бусдын амь насыг эрсдэл учруулах болжээ

Сүүлийн үед ЕБС-ийн сурагчид суррон буюу цахилгаан дугуй унаж, замын хөдөлгөөнд оролцох нь их болсон. Гэвч тус тээврийн хэрэгслийн стандарт манай улсад байхгүйгээс жолоодож буй хүн болоод бусдын эрүүл мэнд амь насанд хор уршиг болох олон эрсдэл үүсэж байгааг мэргэжлийн хүмүүс хэлж, зөвлөсөөр байна. 

Энэ оны эхний таван сарын байдлаар сурронтай замын хөдөлгөөнд оролцож байгаад зам тээврийн осолд өртсөн гурван тохиолдолд бүртгэгджээ. Харин өнгөрсөн жил 1 тохиолдол бүртгэгдсэн байна.

Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй ч хүнд болоод хүндэтвэр гэмтсэн талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дээрх мэдээлэл нь тухайн тээврийн хэрэгсэлтэй зорчиж яваад зам тээврийн осолд өртөх тохиолдол нэмэгдэж байгааг харуулж буй юм. Эдгээр ослууд нь бүгд Хан-Уул дүүрэгт гарсан аж. Хатуухан хэлэхэд, боломжийн амьдралтай айлууд сурроноор хүүхдүүдээ “эрхлүүлж”, өөрийнх нь болоод бусдын амь нас, эрүүл мэндээр “тоглуулах” эрсдлийг үүсгэж байгаа аж.

Эрүүгийн хуулийн:

  • 6.2 дугаар зүйл. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаар: 16 нас.
  • 27.10.1 Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан ...
  • 2.2. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн ... зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Манай улсад импортоор орж ирж байгаа “Sur ron bike” маркийн тээврийн хэрэгсэл нь 4 кВт-аас дээш цахилгаан хөдөлгүүртэй байгаа аж. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслийн "А" үнэмлэхийг шаардах учиртай. Гэтэл Sur ron bike маркийн тээврийн хэрэгсэл нь “авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” /MNS 4598:2020/ стандартын 13, мотоциклд тавих техникийн шаардлагыг хангахгүй байгаа аж.

Тиймээс жолооны "А" үнэмлэх шаардах, 18 нас хүрсэн байх гэхчлэнгийн шаардлага тавих эрх зүйн орчин байхгүй байгаа юм.

Гэтэл тухайн тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн хүчин чадал нь “Мопед”-ынхоос их, мотоциклтой ижил байгаа нь яах аргагүй "А" үнэмлэх шаардах учиртай болоод байгаа гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдэж, анхааруулж байгаа.

Эдгээрээс үзэхэд манай улсад “Sur ron bike” маркийн тээврийн хэрэгсэл хэдийнэ орж ирж, хүүхэд залуус ихээр унаж, хэрэглэж байхад өнөөг хүртэл стандартыг нь боловсруулж, эрх зүйн орчинг бүрдүүлээгүй байгаа нь Стандарчлал хэмжилзүйн үндэсний төв ажлаа хэр хэмжээнд хийдгийг илтгэх. Магадгүй сурронтой замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргаж, хэн нэгний амь нас эрүүл мэндэд хохирол учруулвал хариуцлагыг нь хэн хүлээж вэ. Эл асуудалд холбогдох албаныхан анхаарал хандуулах шаардлагатай байна.