Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс МИАТ компанид 4.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор болов

Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс МИАТ компанид 4.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор болов

Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар агаарын тээврийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол батлагджээ.

Энэ талаарх мэдээллийг Зам тээврийн сайд Л.Халтар өглөө. Тэрбээр “Тогтоол хоёр хэсгээс бүрдэж байна. Нэгдүгээрт, Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс МИАТ компани 4.7 тэрбум орчим төгрөгийн санхүүжилт олгох тухай асуудал байв. Үүний зорилго нь МИАТ компани одоогийн байдлаар Европ руу, Германы Франкфурт-Улаанбаатар чиглэлд долоон хоногт хоёр удаа нисэж байна. Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан 7,8,9 дүгээр саруудад долоон хоногт тав хүртэлх давтамжтайгаар нислэг үйлдэх чиглэлийг Засгийн газраас гаргасан учраас үүнд шаардагдах санхүүжилтийг гаргахаар шийдлээ” гэв.

МИАТ компани өнөөдрийн байдлаар 7-67 гэсэн өргөн биетэй ганц Боинг онгоцтой. Түрээсийн биш боловч МИАТ-ийн өөрийнх нь өмч болж чадалгүй олон жил болсон. Ингээд сая МИАТ компани өөрийн дотоод нөөц боломжоо ашиглан 4.5 сая орчим долларыг АНУ-ын банканд төлснөөр энэ онгоцыг бүрэн эзэмшилдээ авч ирсэн.

Өөрөөр хэлбэл, байгаа санхүүгийн нөөц бололцоог онгоцныхоо сүүлийн төлбөрт хийчихсэн учраас нислэгийн аюулгүй байдал болохн нислэгийн тоонд саад учруулахыг үгүйсгэхгүй. Тиймээс Засгийн газраас уг шийдвэрийг гаргасан. Хоёрдугаарт, цар тахлын үед манай хувийн хэвшлийн агаарын тээврийн компаниуд дотооддоо болон гадааддаа цөөнгүй захиалгат нислэг хийж санхүүгийн маш хүндрэлтэй нөхцөлд орсон. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд аялал жуулчлалын компаниудын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ шаардлага хангасан дотоодын авиа компаниудад тодорхой хэмжээний зээлийг олгож болох талаар ярьсан. Тогтоолын хоёр дахь заалт бол МИАТ-ийн өмчит компани болон дотоодын агаарын тээврийн компаниудад шаардлагатай 145 тэрбум төгрөгийн зээлийг “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээе” 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд олгох нэг их наяд төгрөгийн зээлийн олголттой дүйцүүлж, уялдуулан шийдвэрлэхээр боллоо. Өөрөөр хэлбэл, дотоодын авиа компаниуд энэ 10 их наядын хөтөлбөрт, мөн банкны тодорхой шаардлага хангасан бол шаардлагатай зээл авч болно” гэв.