ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Н.Ганибалын холбогдсон зам тээврийн ослын улмаас нэг иргэний биеийн байдал хүнд байна

2022-06-27 12:18

ЦЕГ: Toyota Hilux маркийн автомашинд сууж явсан нэг зорчигчийн биеийн байдал хүндэвтэр байна

Сүхбаатар аймагт УИХ-ын гишүүн Н.Ганибалын зорчиж явсан автомашин зам тээврийн осолд холбогдож, нэг иргэний биеийн байдал муу байгаа талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас дараах мэдээллийг гаргажээ. Мэдээлэлд, “2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 20 цагийн орчимд Баруун-Урт сумаас Улаанбаатар чиглэлд буюу аймгаас төвөөс 90 км-н зайд зорчиж явсан жоллоч “Ч” унаж явсан Nissan patrol y62 маркийн автомашин, жолооч “Ц” унаж явсан Toyota Hilux маркийн автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарсан. Ослын газар дээр Мөнххаан сумын эрүүл мэндийн төвийн эмч нар очиж ажилласан бөгөөд тус зам тээврийн ослоос үүдэн хүний амь нас эрсдээгүй Toyota Hilux маркийн автомашинд сууж явсан нэг зорчигчийн биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэжээ. 

Албаны тус мэдээллээс харвал, УИХ-ын гишүүн Н.Ганибалын зорчиж явсан автомашин тус зам тээврийн осолд холбогдсон бололтой. Учир нь Nissan patrol y62 маркийн автомашиныг “Ч” унаж явсан гэжээ. 

2022-06-27 07:48

ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Н.Ганибалын холбогдсон зам тээврийн ослын улмаас нэг иргэний биеийн байдал хүнд байна

УИХ-ын гишүүн Н.Ганибал Сүхбаатар аймагт ажиллаж, иргэд сонгогчдод Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулж, саналыг нь сонсох уулзалт, ярилцлагыг зохион байгуулж явах үедээ зам тээврийн ноцтой осол гаргасан талаар бид өмнө мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Ганибал энэ сарын 24-ний /2022.06.24/ өдрийн 20 цагийн орчимд Nissan patrol Y62 маркийн автомашинтай Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас Улаанбаатар хотын чиглэлийн замд зорчиж явахдаа, иргэн Р-ийн жолоодож явсан Toyota маркийн автомашинтай мөргөлдөж, зам тээврийн ноцтой осол гаргасан байна.

Энэ үеэр Р-ийн жолоодож явсан автомашинд жолоочоос бага насны хүүхэд зорчиж явсан гэх албан бус мэдээлэл байна.

Эдгээр иргэдээс нэг зорчигчийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ. Харин бусад зорчигчид болоод УИХ-ын гишүүн Н.Ганибал болон түүний жолооч байж болзошгүй иргэний биеийн байдал хэвийн байгаа аж. Ослын шалтгааныг тодруулахаар мэргэжлийн байгууллага ажиллаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Ослын талаар бид эргэн мэдээлэх болно. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө