У.Хүрэлсүх: Соёл урлагийн салбарыг мунхагийн хар сүүдэр дахин бүү дайраасай

У.Хүрэлсүх: Соёл урлагийн салбарыг мунхагийн хар сүүдэр дахин бүү дайраасай

Монголын зохиолчдын нэгдсэн их хурал Төрийн ордонд эхэллээ. Хурлыг нээж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ.  

Тэрбээр;

С.Буяннэмэх, Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин нарын асаасан ариун гал голомтыг эвлэлдэн хүрээлж, авьяас билэг, ариун их бүтээл зохиолоороо бадрааж, энэ цагийг гэрэлтүүлж яваа уран үгсийн ухаант мэргэдүүд ээ 

Тэртээх 1929 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр 17 хүн эвлэлдэн нэгдэж, Монголын зохиолчдын байгууллагын гал голомтыг бадраасан бөгөөд эдүгээ 1700 гаруй зохиолч, яруу найрагчтай үндэсний хэмжээний мэргэжлийн байгууллага болон өргөжиж, мэргэшсэн судлаач, зохиолчдын нэгэн үе бүрэлдэн тогтсоныг энэ сайхан өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна. 

Энэхүү түүхэн цаг хугацаанд Монгол Улсын тусгаар тогтнолыг бататгах, Монголын ард түмний эв нэгдлийг бэхжүүлэх, эх оронч үзлийг түгээх, соёл боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд үе үеийн соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагчид та бүхний оруулсан хувь нэмэр асар их юм. Монголын зохиолч, яруу найрагчдын эх орон, тусгаар тогтнол, ард олноо гэсэн итгэл сэтгэл олон мянган ном, зохиол, жүжиг, кино болон олны хүртээл болж, суут найрагчийн хэлснээр Жолоочоос жолоодогчийг хүртэл хүмүүжүүлэн, өнөөгийн  монголчуудын үзэл санаа, ёс суртахууныг төлөвшүүлэхэд асар чухал үүрэг гүйцэтгэж ирсэн түүхтэй.

Зохиолч, яруу найрагч, соён гэгээрүүлэгч та бүхэн Монголын ард түмний эв нэгдлийн үлгэр жишээ, бэлгэ тэмдэг нь байх үүрэг хариуцлагаа ухамсарлаж, Монголын зохиолчдын эвлэлийн гал голомттой нэгдэн нийлсэнд гүн талархалтай байна.

Монгол Улс хөгжин дэвжихэд нийгмийн соён гэгээрэл хамгийн чухал үүрэгтэй юм. Оюуны бүтээл, эрдэм номын үнэ цэнэ унах нь урлаг, утга зохиол цэцэглэн хөгжих хүчийг сулруулж, ард түмний оюун санаа, ёс суртахуун, гоо сайхны төлөвшилд ихээхэн хохирол учруулах хор уршигтайг бидний туулсан сүүлийн 30 жил тод харууллаа. Улс оронд ямар ч бэрхшээл тулгарсан соёл урлаг, соён гэгээрүүлэх талаар баримтлах төрийн бодлого алдагдаж огт болохгүй. Тиймээс 25 жилийн дараа Соёлын яамтай болсон. 

Соёл урлаг, утга зохиол, яруу найргийн салбарыг мунхагийн хар сүүдэр дахин бүү дайраасай. Оюун санааны сор болсон уран зохиолын шилдэг бүтээл туурвилын төр засгаас бодлогоор дэмжиж, түгээн дэлгэрүүлэх тогтолцоотой болох цаг нэгэнт болжээ.  Мөн хүүхдийн уран зохиол, судлаач шүүмжлэгч, мэргэшсэн орчуулагч зэрэг салбарын мэргэжилтнийг төрийн бодлогоор бэлтгэх шаардлагатай байна. Мөн Монголын яруу найраг, шилдэг бүтээлүүдийг монгол угсаатны хүртээл болгох, олон хэлэнд орчуулан дэлхийн олон улсад Монголын уран зохиолыг түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй гэдгийг тэмдэглэв.