Б.Должинхорол: Дөнгөж амралт зугаалгын цаг эхэлж байхад дөрвөн хүүхэд амиа алдчихлаа

 Б.Должинхорол: Дөнгөж амралт зугаалгын цаг эхэлж байхад дөрвөн хүүхэд амиа алдчихлаа

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүүхдийн осол, унаач хүүхдийг гэмтлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран энэ оны эхний таван сарын байдлаар хүүхдийн осол гэмтэлийн талаар мэдээлэл өгсөн. 

Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын Хүүхэд хамгааллын сургалт хариуцсан мэргэжилтэн  Б.Должинхорол, "Усны ослоор 3-14 насны дөрвөн хүүхэд эрсэдлээ. Зуны саруудад гадаа халуун болж, аялал амралт зугаалга эхэлсэн байна. Нийслэийн хэмжээнд Хэрлэн, Туул, Тэрэлж голын дагуу завьт, хөдөлгөөнт эргүүл хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа. Гэвч эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдүүдээ авч явахдаа хараа хяналтаа сулруулдаг. Үүнээс үүдэн хүүхэд амь насаараа хохирч байна.

Дөнгөж амралт зугаалгын цаг эхэлж байхад дөрвөн хүүхдийн амь насыг бид анхаарал болгоомжгүй байдлаас үүдэн алдчихлаа. Хэдийгээр төрийн байгууллагууд хамтран хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ч эцэг, эх асран хамгаалагчийн үүрэг хариуцлага нэн тэргүүн байдаг гэдгийг сануулмаар байна.

Амралт зугаалгын улиралд аялж, амрахдаа эцэг эхчүүд үр хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарч, нэг хормыг ч алдахгүй байхыг анхааруулъя" гэсэн юм.