Л.Болд, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нарын орлого УИХ-ын гишүүн болоод өссөн асуудлыг хэлэлцэнэ

2019-10-16 16:01

Б.Бат-Эрдэнэ: Ж.Мөнхбат хөрөнгө, орлого нь гэнэт өссөн тайлбараа ирүүлээгүй байна

Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хорооны өнөөдрийн (2019.10.16) хуралдаан 14 цаг 17 минутад 77.8 хувийн ирцтэйгээр эхэллээ. 

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн асуудлыг хэлэлцээд, холбогдох гишүүд албан томилолттой байгаа учир хойшлуулахаар шийдвэрлэлээ. Уг асуудлыг хойшлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжсэн. 

Дараа нь Улсын Их Хурлын зарим гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах тухай асуудлыг хэлэлцэв.

“Бид уучлахгүй хөдөлгөөн” төрийн бус байгууллагаас 09 дүгээр сарын 24-ний өдөр Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах хүсэлтийг ирүүлсэн байна. Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүдээс холбогдох тайлбарыг бичгээр авсан болохыг Дэд хорооны дарга хэлэв. Уг хүсэлтийг хуралдаанаар хэлэлцээд, нэр бүхий гишүүдээс холбогдох тайлбар мэдээллийг авах, судалгаа хийх нь зүйтэй хэмээн үзэж Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнг томилсон юм.

Энэ талаар Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ "Тухайн гурван гишүүний хоёр нь гадаадад томилолтой яваа. Гурван гишүүн гурвуулаа тайлбараа ирүүлэх ёстойгоос одоогоор Ж.Мөнхбат гишүүн тайлбараа ирүүлээгүй байна. УИХ-ын гишүүний ёс зүйн байдлыг Ёс зүйн дэд хороо авч хэлэлцэхдээ дүрэмд заасны дагуу буюу тухайн гишүүдийг өөрсдийг байлгах ёстой. Тайлбараа тухайн гишүүд хэлэх эрхтэй.

Уг асуудлаар ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэж зарим гишүүн үзэж байна. Дэд хорооны зарим гишүүний хувьд дээрх гурван гишүүдээс тайлбарыг нь авч дараагийн хуралдаанаар өөрсдийг нь байлгаж байгаад асуудлыг авч хэлэлцье гэдэг санал гаргаснаар өнөөдрийн  хуралдааныг дуусгалаа. Ёс зүйн дэд хороо мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах эрхгүй” гэлээ.

2019-10-16 08:37

Л.Болд, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нарын орлого УИХ-ын гишүүн болоод өссөн асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын Ёс зүйн дэд хороо өнөөдөр хуралдаж УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Л.Болд, М.Оюунчимэг нарын орлого гэнэт өссөн асуудлыг хэлэлцэхээр товложээ. “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс дээрх гурван гишүүнийг УИХ-ын гишүүн болоод хөрөнгө нь огцом өссөн баримтыг шалгуулах хүсэлтийг УИХ-ын Ёс дэд хороонд өгсөн. Энэ дагуу дээрх гурван гишүүний асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Бид дээрх гурван гишүүний хөрөнгө, орлого 2016 оноос хойш хэрхэн өссөнийг мэдээлж байна /Эх сурвалж: АТГ/

УИХ-ЫН ГИШҮҮН, ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА М.ОЮУНЧИМЭГ

2016 он- Өөрийн орлого 156.6 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 70 сая төгрөг

2017 он- Өөрийн орлого 22 сая төгрөг

2018 он- Гэр бүлийн орлого 461 сая төгрөг, Хадгаламжинд нь эх үүсвэр нь тодорхойгүй 541 сая төгрөгийн орлоготой болсон байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ

2016 он- Өөрийн орлого 201.872 сая төгрөг, гэр бүлийн орлого 30 сая төгрөг

2017 он- Өөрийн орлого 183.309 сая төгрөг, гэр бүлийн орлого 30 сая төгрөг

2018 он- Өөрийн орлого нэг тэрбум 530 сая төгрөг, гэр бүлийн орлого 0, Үл хөдлөх хөрөнгө нь 2.2 тэрбум төгрөг болж өссөн.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛД

2016 он- Өөрийн орлого 197 сая Хадгаламжиндаа 17 тэрбум 864 сая

2017 он- Өөрийн орлого нь 122 сая төгрөг

2018 онд- Өөрийн орлого 1.2 тэрбум төгрөг болж өсчээ.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Шадар сайд Ө.Энхтүвшиний гишүүдийн картыг сугалсан асуудал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн Хууль зүйн байнгын хорооны хуралдааны  үеэр аягаар ширээ нүдэж эсэргүүцэл илэрхийлсэн гэх асуудлаар тус, тус гомдол ирсэн учраас хэлэлцэж магадгүй гэх мэдээлэл байна.