С.Лавров: Монгол Улсыг ШХАБ, Евразийн эдийн засгийн холбоотой гэрээ байгуулах санал, зөвлөмжийг хэллээ

С.Лавров: Монгол Улсыг ШХАБ, Евразийн эдийн засгийн холбоотой гэрээ байгуулах санал, зөвлөмжийг хэллээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров өнөөдөр /2022.07.05/ манай улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд манай улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийж үр дүнгийн талаар мэдээлэл өглөө. 

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров, "Эрхэмсэг хатагтай сайд, эрхэмсэг ноёд оо. Юуны түрүүнд Оросын төлөөлөлөгчдийг халуун дулаанаар хүлээн авч уулзсан та бүхэнд гүнээ талархал илэрхийлье. Манай хоёр улс сайн хөршийн харилцаатай, олон чиглэлээр идэвхитэй хамтран ажиллаж байгаа юм. Орос, Монгол Улс дэлхийн хоёрдугаар дайнд нацизыг ялсан манай хоёр улсын байлдааны нөхөрлөл бий. Өнөөдрийн уулзалтаар бид Монгол Улсын тус ялалтад байгуулсан хувь нэмрийг дахин өндрөөр үнэлж байна.

Цар тахлын хориг арга хэмжээг авсны дараа хоёр талын хамтын ажиллагаа сэргэж эхэлснийг онцлон тэмдэглэж, Б.Батцэцэг сайдын ОХУ-д хийсэн айчлалын үр дүнг өндрөөр үнэлж байна. Хоёр талын худалдаа эрс өсөн нэмэгдэж байгаа. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 30 гаруй хувиар нэмэгдээд байна. Эрчим хүч, тээвэр, байгаль орчин, хүмүүнлэг зэрэг салбар дахь стратегийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Манай хоёр улс НҮБ-ын үндсэн дүрэмд тусгасан бүгдийг дээдэлж, тусгаар улсуудын эрх ашгийг хүндэтгэж, хамтын ажиллагааны бүхий л чиглэлийг хөгжүүлэх сонирхолтой байгаа. Өөрийн зүгээс дэлхий дахины хурцадмал байдлын шалтгааныг нарийвчлан тайлбарлаж тэр дундаа АНУ болон түүний холбоотнуудыг өөрийн асуудлыг бусдын гараар шийдвэрлэж буй асуудлыг нарийн ярилцлаа. Хамгийн эрсдэлтэй нь, сүүлийн олон жилд Украин улсыг ОХУ-ын эсрэг чиглүүлж, шинэ нацизмын дэглэмтэй улс болгон хувиргаж, аюул занал учруулж буйд оршино. Донбасс болон бусад бүс нутагт хийсэн цэргийн тусгай ажиллагааны талаар мэдээлэл өгсөн. Бидний зүгээс Украин дахь үйл явдлыг бодитоор мэдээллэхийг хүсэж байгаа ч, харамсалтай нь барууны орнууд хараат бус, үнэн бодит эх сурвалжийг хязгаарлаж байна. Монгол Улсыг ШХАБ, Евразийн эдийн засгийн холбоо зэрэг байгууллагатай хамтын аюулгүй байдлын гэрээ байгуулахтай холбоотой санал зөвлөмжийг хэлсэн. Өнөөдрийн яриа хэлэлцээрийн үр дүнд сэтгэл хангалуун байгаа гэдэгт сэтгэл хангалуун байна" гэлээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Манай хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг Москва, Улаанбаатар хотод тэмдэглэн өнгөрүүлж, энэ жил бид харилцааны хувьд нэгэн шинэ зууныг эхлүүлээд байна. Манай хоёр улс цар тахлын хүнд байдлыг хамтдаа даван туулж хариуцлагаа идэвхижүүлж байгаад баяртай байна.

С.Лавров сайдтай өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалаар тохиролцсон ажлуудын хэрэгжилтийг ярилцаж, дүгнэж, цаашдын хамтын ажиллагаа, томоохон төслүүдийн талаар санал солилцлоо. Түүнчлэн шийдлээ хүлээж буй олон жил яригдаж байгаа зарим асуудлын талаар ярилцаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлвийг тодорхойллоо.

Монгол, Оросын харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхлоо хоёр тал тохиролцсон. Энэ хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тэнцвэржүүлэх, хамтарсан төслүүдийн явцыг урагшлуулах, хоёр талын байгуулсан баримт бичгийн хэрэгжилтэд анхаарах талд санал нийлж ярилцлаа. Хоёр улсын бизнес эрхлэгчид идэвхтэй хамтран ажиллаж байгааг хэлэхэд таатай байна. Нэн ялангуяа Алтанбулаг, Цагаанбоомтын нуур чөлөөт бүсүүдэд ОХУ-аас хөрөнгө оруулах, хамтарсан үйлдвэр байгуулах, тээвэр логистикийн төвүүдийг бий болгоход ОХУ-тай хамтран ажиллах сонирхол манайд бий. Мөн эрчим хүчний салбарт техникийн шинэчлэлийг хамтран хэрэгжүүлэхээр ярилцлаа.

ҮЗЭХ: