Говьсүмбэр аймагт усархаг бороо, мөндөр орж 500 гаруй бог мал хорогджээ

Говьсүмбэр аймагт усархаг бороо, мөндөр орж 500 гаруй бог мал хорогджээ

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг Ихэр-Улаан багийн нутагт долоодугаар сарын 4-ний 21:30-22:40 цагийн хооронд усархаг ширүүн бороо, мөндөр оржээ. Мөндрийн улмаас бог мал хорогдож, гэр нурж, автомашины салхины шил мөндөрт цохиулж хагарсан байна. Энэ талаар мэдээллийг 5-ны  20:17 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус сумын харьяат малчин У-гийн 5 ишиг, 2 ямаа, С-ийн 4 ямаа, 2 хонь, 2 ишиг, Г-ийн 9 ямаа, 4 хонь, 9 ишиг, 3 хурга, Ц-ын 196 хонь, 80 ямаа, 142 хурга, 74 ишиг,  нийт дөрвөн айлын 95 ямаа, 202 хонь, 90 ишиг, 145 хурга, нийт 532 бог мал хорогдов.

Мөн У-гийн дөрвөн ханатай гэр нурсан, малчин Б-гийн “Марк-2” суудлын автомашины салхины шил, гэрэл дохио, Ц-ын “Портер” ачааны автомашины урд салхины шил  хагарсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга долоодугаар сарын 5-ны 19:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.