Ц.Даваасүрэн: Өөр шигээ хүмүүсийг дээд шүүхэд яах гэж оруулж ирсэн юм, С.Бямбацогт оо

Ц.Даваасүрэн: Өөр шигээ хүмүүсийг дээд шүүхэд яах гэж оруулж ирсэн юм, С.Бямбацогт оо

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцэхтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн шүүгчдээс “Үндсэн хуулийн цэц өнгөрсөн зургаадугаар сарын 27-нд байж боломжгүй шийдвэр гаргасан. Манай Үндсэн хуульд сонгуулийн холимог тогтолцоо буюу хувь тэнцүүлсэн агуулга байдаггүй. 1991 оны аравдугаар сарын 15-нд Бага хурлаар холимог тогтолцоог Үндсэн хуульд оруулах санал хураалт явуулахад унасан. Үүнийг үндэслээд 2016 онд Үндсэн хуулийн цэц 05 тоот дүгнэлт гаргаж Үндсэн хуульд холимог тогтолцооны агуулга байхгүй гэж дүгнэсэн. Гэтэл зургаан жилийн дараа энэ шийдвэрээ эргэж хараад цуцалчихсан. Та бүхэн үүнийг юу гэж үзэж байна вэ.

Хоёрдугаарт, би Улсын дээд шүүхэд хандан Үндсэн хуулийн цэцэд илгээсэн гурван гишүүнээ буцаан тат гэдэг шаардлага тавьсан. Та бүхэн УДШ-ийн шүүгчээр очихоороо энэ асуудалд яаж хандах вэ гэв.

УДШ-ийн шүүгчид нэр дэвшигч Н.Баярмаа: Шүүгчийн ёс зүйн хүрээнд урьдчилан хариулах боломжгүй байна. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн цэц гаргасан шийдвэрийнхээ талаар өөрөө тайлбар өгөх нь хуульд нийцнэ. Энэ асуудлаар миний бие ямар нэгэн тайлбар хийх нь шүүгчийн ёс зүйн дүрэмд нийцэхгүй.

УДШ-ийн шүүгчид нэр дэвшигч Д.Батбаатар: Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулиар тайлбар гаргах эрхтэй. Үндсэн хуулийн маргаантай асуудлыг Үндсэн хуулийн цэц шийддэг. Энэ тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг зөв, буруу гэх эрх хэмжээ бидэнд байхгүй.

Хариуд нь Ц.Даваасүрэн гишүүн “Та хоёр өнөөдөр төрийн эрх барих дээд байгууллагад оролцож хариулт өгч байна. Та хоёр шүүх хурал дээр байгаа юм шиг, шүүхийн процесс өрнөж байгаа мэт хариулж байна. Би та хоёрыг ойлголоо. Та хоёр карманы хүмүүс юм байна. Ийм шүүх л дээд шүүх шүүх болох нь байна. Ийм арчаагүй. Хувь хүний үзэл бодол байхгүй. Хуульчийн ямар нэг ёс зүйн төлөвшил байхгүй. Хуульчид нь өөрөө ингэж хандаад байвал яаж Монгол төр, Үндсэн хуулийн цэц цэвэр байх юм бэ. Ийм улсуудыг яах гэж оруулж ирсэн юм бэ, С.Бямбацогт оо. Чи Үндсэн хуулийн цэц дээр очоод юу хийсэн юм. Хамгаалж чадаагүй. Одоо ийм хоёр юм оруулж ирсэн байна. Энэ хоёр Ховдынх уу. Гарал үүслийг нь судалж үзэх хэрэгтэй” гэв.

Хууль зүйн байнгын хорооны гишүүн С.Бямбацогт “Чи хуулиа унш. Ховдынх уу, ямар хүн оруулаад ирсэн юм гэж асуулаа. Би хариулъя. Өөрт нь таалагдахгүй хариулт өгөх юм бол хууль бус, тэнэг хүн болж харагддаг. Өөрт нь таалагдсан хариу өгвөл шударга болж харагддаг. Ийм байж болохгүй. Шүүхийн тухай хуулиа унш. Шүүхийн тухай хуулийн дагаа Шүүхийн ерөнхий зөвлөл хэнээс ч хараат бусаар сонгон шалгаруулалт явуулаад нэр дэвшиж, хамгийн өндөр үнэлгээ авсан хүмүүсийг шалгаруулсан. Үүнийгээ хуулийн дагуу УИХ-д танилцуулах үүрэгтэй. Үүний дагуу нэр дэвшигчийн сонсгол хийсэн. Олон нийт, иргэд, оролцогчдоос нээлттэй санал авсан. Д.Батбаатар нэр дэвшигч Улаанбаатар хотод төрсөн. Н.Баярмаа нэр дэвшигч Хэнтий аймагт төрсөн юм байна лээ. Хоёулаа шүүхийн байгууллагад олон жил ажилласан хүмүүс шалгуураа хангаад орж ирсэн. УИХ-ын гишүүд танилцах үүрэгтэй. УИХ-ын гишүүд өөрт нь таалагдахгүй болохоор хууль бус, хэн нэгний гар хөл гэж хэлж болохгүй” гэхэд

Ц.Даваасүрэн гишүүн “Ер нь УИХ нэлээн сайн шүүж байж оруулж ирэх хэрэгтэй. Энэ хоёрын байж байгааг хараач. Яг С.Бямбацогт шиг. Бид "тодорхойлолт" гэдэг үгийг 2019 онд хуулийн төслөөс авч хаясан. Гэтэл бараг л үүнийг шийдээд өгөөч гэж Үндсэн хуулийн цэцээс гуйчихсан. Ард түмнийхээ сонгох эрхийг алга болгосон байхгүй юу, С.Бямбацогт. Чиний үнэн нүүр царайг бүгд ойлгодог болсон. Өнөөдөр төрийг үймүүлж байна. Энэ хоёр нөхөр дээд шүүхийг очиж үймүүлэх нь байна. Ямар ч байр суурь байхгүй. Бид нарт яах гэж орж ирж хариулж байгаа юм. Шүүх хурал энд явагдаагүй” гэв.

Хариуд нь С.Бямбацогт гишүүн “Нэр дэвшигчийн хариултыг бид буруутгаад байх хэрэгтэй. УИХ-ын гишүүд танилцах нь үүрэгтэй. Т.Аюурсайхан, Даваасүрэн хоёр гишүүн цэцийн шийдвэрийг мушгиж тайлбарлаад байна” гэв.

ВИДЕО: 




Улаанбаатарт 22 градус дулаан байна

6 цагийн өмнө

Шуурхай мэдээ