М.Мөнх-Эрдэнэ: Олон жил эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн хонгор халзан морьд маань Төв цэнгэлдэх хүрээлэнд “ажиллана” /ВИДЕО/

М.Мөнх-Эрдэнэ: Олон жил эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн хонгор халзан морьд маань Төв цэнгэлдэх хүрээлэнд “ажиллана” /ВИДЕО/

Баяр наадмын өдрүүдэд морьт эргүүлийн үүрэг их. Тэд жирийн өдрүүдэд автомашинаар хүрч очиход хүндрэлтэй, Туул голын ай сав, Улаанбаатар хотын төв гудамж зэрэг газруудад нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргийг гүйцэтгэдэг.

Харин баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт ажиллаж, хэв журам сахиулдаг билээ. Эргүүлийн морьдоо “гоёсон” дүрэмт хувцастай цагдаагийн алба хаагчид ч баяр наадмын нэгэн “чимэг” байдаг. Тэгвэл бид наадмын үеэр үүрэг гүйцэтгэх бэлтгэлээ хангахын зэрэгцээ, өдөр тутмын үүргээ гүйцэтгэх Морьт эргүүлийн талаар сурвалжиллаа.

ВИДЕО:

Хотын төвөөр үүрэг гүйцэтгэдэг "ганган" морьдыг гадаадын кинон дээр гардаг шиг тансаг зүчээнд байрладаг байх гэсэн бодолтой тус газарт очсон ч үгүй аж. Урин дулаан цаг болж, морьт эргүүлийн ажил эхэлсэн тул тэд хотын төвд ойртож, Богд уулын аманд нэгэн хашаанд байрлажээ. Тус газарт цагдаагийн албаны явуулын жижиг байр, бас нэгэн цэргийн майхан. Тэнд морьт эргүүлийн эмээл, хазаар гээд тоноглолуудыг нь хийжээ. Харин хашаан дотор 10 гаруй морь идээших бөгөөд зарим нь үүрэгт ажилдаа гарсан байв. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Нарийны гол гэдэг газарт бэлчдэг адуун сүргээс эргүүлийн үүрэг гүйцэтгэх 20 гаруй морьдыг тэнд авчирсан нь энэ аж. Өнөөдрийн ээлжийн морьд "ажилдаа" гарсан бол маргааш ээлжинд гарах морьдыг алба хаагчид усалж, эмээл хазаараа зэхэж байв. Ингэж л тэд ээлжээр ажилладаг аж.

-М.МӨНХ-ЭРДЭНЭ: НЭГ МОРЬ ӨДӨРТ 6-8 ЦАГИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭДЭГ-

НЦУГ-ын Шөнийн эргүүлийн хэлтсийн эргүүлийн офицер, ахмад М.Мөнх-Эрдэнэ "Нийслэлийн цагдаагийн удирдах газарт өнөөдрийн байдлаар нийт 23 морь эргүүлд ажиллаж байна. Баяр наадмын өдрүүдэд үүрэг гүйцэтгэх морьдыг олны хөлийн газарт дасгах зорилгоор хотын төвд ажиллуулж эхэлсэн. Энэ жилийн баяр наадмаар хамгийн олон жил морьт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн хонгор халзан морьд маань Төв цэнгэлдэх хүрээлэнд “ажиллана”. Ер нь нэг морь өдөрт 6-8 цагийн үүрэг гүйцэтгэдэг. Ингэхдээ автомашин, дуу чимээнээс үргэхгүй номхон морьдыг хотын төвөөр, харин бага насны олны хөлийн газарт явж үзээгүй морьдыг голын эрэг дагуу үүрэг гүйцэтгүүлдэг" гэдгийг танилцуулсан юм. Мөн тэрбээр "Морьт эргүүлийн үүрэг их, үр дүнгээ өгч байгаа учир энэ жилээс тоог нэмэгдүүлсэн. Морьт эрүүлээр ажиллах алба хаагчдад ч мэргэжлийн циркийн багшаар хичээл заалгаж, боловсон хүчний чадвар, аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа" гэдгийг онцолж байсан юм. 




Өнөөдөр морь өдөр

21 цагийн өмнө