FINANCIAL TIMES: “Сибирийн хүч 2” хийн хоолойг 2024 онд барьж эхлүүлнэ хэмээн Монголын Ерөнхий сайд мэдэгдэв

FINANCIAL TIMES: “Сибирийн хүч 2” хийн хоолойг 2024 онд барьж эхлүүлнэ хэмээн Монголын Ерөнхий сайд мэдэгдэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Financial Times” сонинд “Сибирийн хүч 2” хийн хоолойн төсөл болон Оюутолгойн далд уурхайн өргөтгөлийн ажлын талаар ярилцлага өгчээ. Ярилцлагын хураангуй “Financial Times” сонины сайтад гарсныг орчуулан хүргэж байна.

-ОХУ-ЫН ХУВЬД “СИБИРИЙН ХҮЧ 2” ТӨСӨЛ МАШ ЧУХАЛ БОЛООД БАЙНА-

Монгол Улс ОХУ-аас Хятад руу хий дамжуулах “Сибирийн хүч 2” хоолойн барилгын ажлыг ойрын хоёр жилийн дотор эхлүүлнэ гэсэн хүлээлттэй байна. Энэ талаар Монголын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа. 

Тэрбээр “Украины дайны улмаас хийн хоолой барих төлөвлөгөө бүрхэг байсан ч барилгын ажил урагштай явна гэж найдаж байна. Төслийн ТЭЗҮ дуусаж, барилгын ажлыг 2024 онд эхлүүлнэ гэж бид үзэж байгаа. Геополитикийн хурцадмал нөхцөл байдалд Монгол Улс хоёр их гүрэнтэй хоёулантай нь нягт хамтран ажиллахыг зорьж байна” гэв.

Украин руу түрэмгийлсний дараа Европыг байгалийн хийн зах зээлээ алдаж, үнийн хямралыг бий болгохын тулд нийлүүлэлтээр “түрий барьсан” хэмээн буруутгаж буй ОХУ-ын хувьд “Сибирийн хүч 2” төсөл маш чухал болоод байна.

Өргөн уудам нутаг дэвсгэртэй, 3,3 сая хүн амтай Монгол Улс Хятад, Оросын хооронд далайд гарцгүй оршдог. “Сибирийн хүч-2” шинэ төслийн хүрээнд 50 тэрбум шоо метр хүртэлх хийг Оросын Арктик дахь Ямалийн хойгоос Монголын нутгаар дайруулан барьсан 6 мянган километр хоолойгоор Хятадын өмнөд нутагт нийлүүлэх юм. Монгол Улс 2019 онд Москватай хийн хоолойн төсөлд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байв. 2600 км урт хоолойг 2030 онд ашиглалтад оруулна гэж таамаглаж байсан ч ОХУ эрчим хүч нийлүүлэх зах зээлээ хайж, олох шаардлага үүссэн тул салбарын удирдлагууд уг хугацааг урагшлуулах боломжтой гэж үзэж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монголоор дамжин өнгөрөх шугамын эцсийн замыг "зөвшилцсөн" хэвээр байна” гэв. Түүнчлэн тэрбээр Рио Тинтогийн Монгол дахь Оюутолгойн төсөл хуваарийн дагуу хэрэгжиж байгаа бөгөөд тус улс бондын эргэн төлөлтийг шийдвэрлэх бэлтгэл ажилдаа ахиц дэвшил гаргаж байгааг онцоллоо. Рио Тинто Оюутолгойн ордын ашиглалтыг өргөжүүлснээр ойрын хэдэн жилд зэсийн экспорт мэдэгдэхүйц өсөх төлөвтэй байна.

Өнгөрсөн долоо хоногт Риогийн гүйцэтгэх захирал Якоб Стаушолмтой уулзсан Монголын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уурхай төлөвлөсөн хугацаандаа ажиллаж, ирэх оны эхний хагаст далд уурхайн олборлолт эхэлнэ гэдэгт итгэлтэй байгаа талаар хэлсэн юм. Тэрбээр “энэ нь Монгол Улс хөрөнгө оруулагчидтайгаа хэрхэн идэвхтэй, үр ашигтай хамтран ажиллаж болдгийн тод жишээ болно гэдэгт би итгэж байна” гэв.

Үргэлжлүүлэн түүнээс Монгол Улсын гадаад өрийн талаар асуухад шийдвэрлэх зарим асуудал байгааг хүлээн зөвшөөрч, саяхан Японы бондын төлбөрийг хугацаанаас нь өмнө төлөх хэлэлцээрт ахиц гарсныг онцоллоо. Тэрбээр “Монгол Улс хөрөнгийн зах зээл дээрх нэр хүндээ хэрхэн өсгөх вэ гэдэгт анхаарлаа хандуулж ирсэн” гэв.

Нийтлэлийг эх сурвалжаас ЭНД дарж уншина уу. 

Эх сурвалж: Financial times




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө