ВИДЕО: Их Дүйчин өдөр иргэдийн мөргөөд байсан БУРХДЫГ Төв гандангийн гараашт ХУРААЖЭЭ

ВИДЕО: Их Дүйчин өдөр иргэдийн мөргөөд байсан БУРХДЫГ Төв гандангийн гараашт ХУРААЖЭЭ

Бурхан багшийн Их Дүйчин өдөр /2022.06.14/ Гандантэгчинлэн хийдийн Батцагаан дуганы гадна талбайд бурхан багшийн гурван үеийн дүрийг бүтээж залсан билээ. Үүнийг ч иргэд эергээр хүлээн авч усан тахил өргөж, залбирч мөргөсөн билээ.

Их дүйчин өдөр заслон бурхан багшийн дүр

Гэтэл тухайн үед сүсэгтэн олны залбирч мөргөж байсан бурхан багшийн дүр бүхий хөшөөнүүдийг хөсөр хаясан талаарх мэдээлэл цахим сүлжээнд гараад буй. Тэгвэл эл асуудлыг бид сурвалжиллаа.

ВИДЕО: 

Гандантэгчинлэн хийдийн Батцагаан дуганы В1 давхрын гараашийг тус хийдээс автомашин болон автомашины дугуй, сэлбэг худалдаалах зориулалтаар хувийн хэвшилд түрээсэлдэг аж. Эл гараашны нэг хэсэгт Бурхан багшийн Их Дүйчин өдрөөр олон нийтийн сүсэглэн залбирч байсан бурхдыг хураажээ. Ингэхдээ зарим бурхдыг нь гялгар уутаар хучсан бол заримыг нь тэр чигт нь тавьсан байв. Тэдгээрийг ажиглавал хөөсөнцөр болон гипсэн материалаар хийсэн байх ба ганц нэг нь эвдэрч, хөөсөнцөр нь ховхорч унажээ.

Мөн бурхдын дэргэд хөөсөнцөр, хоосон ус, ундааны сав зэрэг хог байсныг сүсэгтэн хүний нүдээр харвал нэлээд сэтгэл өвтгөм. Ийн өгүүлэхийн учир нь монголчууд сар гаруйн өмнө эдгээр бурхдад сүслэн залбирч, амь амьдралаа даатгаж, итгэж биширч байсан. Гэтэл өнөөдөр тэдгээр бурхдыг залж, дээдлэх бус ийнхүү гялгар уутаар хучиж, гараашинд хураасан байгаа юм.

-А.ЖАМЪЯАНСҮРЭН: БУРХАД ОДОО НЭГ БАЙРНЫ B1 ПОДВАЛД БИШ БАТЦАГААН ДУГАНЫ ГАРААШИНД ХУРААЛТТАЙ БАЙГАА-

Тиймээс бид бурхдыг ямар шалтгаанаар ийнхүү хураасан. Иргэдийн сүслэн залбирч байсан эдгээр бурхдыг аравнайлж, амилуулаагүй байсан юм уу гэдгийг Гандантэгчинлэн хийдийн ОНХА-ны лам А.Жамъяансүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр “Бурхан багшийн гурван дүрийг Бурхан багшийн дүйчин өдөр буюу Бурхан багшийн ринсэл ирэх үйл явдалд зориулж бүтээж залсан. Тэдгээр бурхад одоо нэг байрны B1 подвалд биш Батцагаан дуганы гараашинд хураалттай байгаа. Бурхдыг Эрдэнэт рүү авч явж залах гэж байгаа юм. Олон хоног нар салхи бороонд гандчихсан болохоор будгийг нь сэргээн засварлах сэргээх үйл ажиллагаа хийгдэж байна. Шууд хураагаад хаячихсан зүйл бол байхгүй. Аравнайлсан бурхныг дахин сэргээн засварлахдаа мэлмийг нь хааж байгаад сэргээн засварлаад буцаагаад мэлмийг нь нээгээд дахиад аравнайлаад залдаг” гэх тайлбарыг өгөв.

Хэдийгээр албаныхан ийнхүү бурхдын мэлмийг түр хааж, завсарлаж байгаа гэх боловч Бурхан багшийн Их Дүйчин өдрөөр олны сүслэн залбирч байсан бурхад өнөөдөр ийнхүү гараашинд хураалттай байгаа нь сүсэгтэн олны дургүйцлийг төрүүлсэн хэрэг боллоо.  Тиймээс цаашид олны итгэл бишрэлийг энэ мэтээр хөсөрдүүлэхгүй байхыг хүсэж байна.      




Өнөөдөр тахиа өдөр

30 минутын өмнө