НҮБ-ын чуулганы үеэр 51 орон ОХУ-ыг Украины эсрэг түрэмгийллээ зогсоохыг шаарджээ

НҮБ-ын чуулганы үеэр 51 орон ОХУ-ыг Украины эсрэг түрэмгийллээ зогсоохыг шаарджээ

НҮБ-ын Ерөнхий ассамблейн ээлжит чуулганы үеэр 51 орон ОХУ-ыг Украины эсрэг түрэмгийллээ зогсоохыг шаардсан мэдэгдэл гаргажээ. 

"Украин улс энх тайванд тэмүүлж байна. Бид энх тайванд тэмүүлж байна. ОХУ түрэмгийллээ зогсоож, гал зогсоох, энх тайвныг тогтоох хэлэлцээнд нэгдэхийг зөвшөөрөх ёстой" хэмээн НҮБ-ын гишүүн 51 орны хамтарсан мэдэгдэлд өгүүлсэн байна. Энэ мэдэгдэлд АНУ гарын үсэг зурж нэгдээгүй аж. Харин НҮБ дахь АНУ-ын суурин төлөөлөгч Майк Уолз Аюулгүйн зөвлөлийн, Украины асуудлаар хуралдаан дээр Украин дахь дайныг өргөжүүлэх аливаа оролдлогыг эрс буруушааж байгаагаа илэрхийлжээ.
 
Дээрх мэдэгдэл гарахаас өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар хаалттай уулзалт хийсэн байна.  Тэд 50 орчим минут ярилцсан бөгөөд Марко Рубио уулзалтын дүнгээр мэдэгдэл хийхдээ 12 дугаар сард Майамид болох "ИХ 20"- ийн дээд хэмжээний уулзалтад АНУ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг урьсан хэмээн онцолсон байна. Тэрбээр "Асуудлыг шийдэхийн тулд санал зөрөлдөөнтэй, маргаантай асуудалтай байгаа хүмүүстэй уулзах ёстой. Тиймээс бид Ерөнхийлөгч Путиныг G20 дээд хэмжээний уулзалтад урьсан.  Ингэснээр тэр бээр зөвхөн АНУ-ын Ерөнхийлөгчтэй төдийгүй дэлхийн бусад орны төрийн тэргүүнүүдтэй уулзах боломжтой болно гэж бид бодож байна" хэмээн мэдэгдсэн байна.  Өмнө нь, Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленський DW агентлагт ярилцлага өгөхдөө 12 дугаар сард Майамид Ерөнхийлөгч Владимир Путин ирвэл түүнтэй уулзахад бэлэн хэмээн мэдэгдэж байв.