ХЭРГИЙН МӨРӨӨР: Хамтран амьдрагчаа хөнөөж, гэмт хэргийг нуух зорилгоор гэрийнх нь хаалгыг гаднаас түгжээд явсан байжээ

ХЭРГИЙН МӨРӨӨР: Хамтран амьдрагчаа хөнөөж, гэмт хэргийг нуух зорилгоор гэрийнх нь хаалгыг гаднаас түгжээд явсан байжээ

Дархан-Уул аймагт энэ сарын 13-наас 14-нд шилжих шөнө хамтран амьдрагчаа хөнөөсөн хүн амины ноцтой хэрэг гарсан билээ. Иймд бид иргэдийн амралт зугаалгын улирал болж байгаа энэ цагт ойр дотны хүндээ тавих хараа хяналтаа сулруулах явдал гарч байгаа нь гэмт этгээдэд хэргийг нуун далдлах, боломж олгож байхыг үгүйсгэхгүй тул сэрэмжлүүлэх үүднээс тус мэдээллийг бэлтгэлээ.

Дархан-Уул аймаг

Тодруулбал, тус аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутагт энэ оны долдугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 38 настай, эмэгтэй “У” гэгчийг хамтран амьдрагч 42 настай, эрэгтэй “А” гэгч хувийн таарамжгүй харьцаанаас үүдэж, амь насыг хохироосон байна. 

Улмаар гэмт хэргийг нуун далдлах зорилгоор амь хохирогчийн цогцсыг хувцасны шүүгээнд нь хийж нуугаад, гэрийнх нь хаалгыг гаднаас түгжээд орхисон байжээ. Амь хохирогчийн ар гэрийнхэн У-тай энэ сарын 13-ны өдрөөс хойш холбоо барьж чадаагүй тул хэд хоногийн дараа гэрт нь очсон байна.  

Тухайн үед амь хохирогчийн гэрийн хаалга гаднаасаа түгжээтэй байсан учраас “Амралт зугаалганд явсан” гэж ойлгоод гаднаас нь олон удаа буцжээ.

Гэвч олон хоног холбоо барихгүй байсан тул дахин гэрт нь очиж, хаалгыг хүчээр онгойлгож, гэрт орсон байна. Тухайн үед гэрээс эвгүй үнэр ихээр үнэртэж байсан учраас хөргөгчийг шалгахад  муудсан зүйл байгаагүй байна. Харин хувцасны шүүгээний ойролцоогоос эвгүй үнэр гарч байсан тул онгойлгож үзэхэд амь хохирогч У-ын цогцсыг хөнжилд боож, үлдээсэн байсан аж.

Ингээд цагдаагийн байгууллагад дуудлага өгч, цагдаагийн алба хаагчид холбогдогч этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, энэ оны долдугаар сарын 24 /2022.07.24/-ний өдөр дайчлан баривчилсан байна. Өдгөө түүнийг цагдан хорьж, мөрдөн шалгаж байгаа аж. Эрүүгийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Ташрамд өгүүлэхэд, амь хохирогч болон холбогдох нар нэг жилийн өмнөөс хамтран амьдарч байсан бөгөөд хувийн таарамжгүй харилцаанаас үүдэж гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй байгаа аж. 

ЖИЧ: Иймд иргэд та бүхнийг ойр дотнын хүмүүстээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байж, болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулах үүндээс тус мэдээллийг нийтэллээ.