Кью Эс Си компани, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт холбогдох шүүх хурал өнөөдөр болно

Кью Эс Си компани, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт холбогдох шүүх хурал өнөөдөр болно

Засгийн газрын энэ оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Концессын гэрээ байгуулах тухай Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон.

Энэ шийдвэртэй холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн яам болон “Кью эс си” ХХК-ийн хооронд 2014 оны дөрөвдүгээр сарын 4-нд байгуулсан “Уул уурхай, металл ургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх” концессын гэрээг цуцалсан. Улмаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг “Кью эс си”компаниас шилжүүлж авсан юм. Үүний дараа конценс эзэмшигч Кью Эс Си компани Монгол улсын засгийн газрын тогтоолыг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж шүүхэд хандсан байна. Шүүх хурал өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурлын танхимд болно.

Эргэн сануулахад, Концесс эзэмшигч “Кью эс си” компани нь гэрээний ерөнхий нөхцөлд заасан жилд 500,0 мянгаас доошгүй тонн хүчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэр барих, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хүчин чадлыг жилийн 300 мянган тоннд хүргэх өргөтгөл, шинэчлэл хийх (төмрийн хүдэр боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах) зэрэг ажлыг огт хэрэгжүүлээгүй.

Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөх, уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг гэрээ байгуулсан оноос хойш найман жилийн хугацаа өнгөрөхөд бүрэн хэрэгжүүлээгүй байгаа тул төслийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, цаашид уг компани төслийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж гэрээг цуцалсан.