ФОТО: Оросын далбаатай цэргийн техник Яармагийн замаар явсныг иргэд эсэргүүцэж байна

ФОТО: Оросын далбаатай цэргийн техник Яармагийн замаар явсныг иргэд эсэргүүцэж байна

ОХУ Украины газар нутаг руу халдаж, түрэмгийлсэн тул олон улсын хоригт ороод байгаа. Мөн нөгөө талаар ихэнх улс орнууд тус улсаас зайгаа барьж байгаа бол, тэднийг Беларус, Иран, Африкийн зарим орон, Хойд солонгос зэрэг орнууд дэмжиж байгаа гэхэд болно.

Харин улс төр, эдийн засгийн ийм эгзэгтэй цаг үед Монгол-Оросын хамтарсан цэргийн сургуулилтыг Ховд аймагт хийх, мөн ОХУ-ын санаачилсан “цэргийн ралли”-д манай алба хаагчид оролцох нь буруу гэсэн байр суурийг олон иргэд илэрхийлж буй.

Гэтэл ойрын хоёр өдөр /2022.07.26, 27/ олон нийтийн сүлжээнд зарим иргэд Оросын цэргийн техник манай улсын газар нутаг дээр зорчиж байгаа зургийг нийтэлж, байр сууриа илэрхийлж байна. Тухайлбал, баруун аймагт байж болзошгүй нэгэн газар цэргийн техникийн цувааны зургийг нэгэн иргэн твиттер нийтэлж, “Заавал Монголын нутгаар хөндлөн явуулж айлгаж, дарамталж байгаа юм байх даа. Тува хавиас ойр баймаар юм” гэсэн байр суурийг илэрхийлжээ. 

Гэтэл өнөөдөр /2022.07.27/ Яармагийн авто зам дээр ОХУ-ын далбаатай цэргийн техникүүд явсныг олон иргэн эсэргүүцэж, олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлж эхлээд байна. Харин манай Засгийн газар, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб тодорхой байр суурь илэрхийлээгүй байна.