ҮБАЗ-ийн шийдвэрийг Б.Батцэцэг ярьж Ж.Энхбаяр нуугдан, ОХУ-ын далбаатай техник Монголд явдаг болтлоо гадаад бодлого “жижгэрчээ”

ҮБАЗ-ийн шийдвэрийг Б.Батцэцэг ярьж Ж.Энхбаяр нуугдан, ОХУ-ын далбаатай техник Монголд явдаг болтлоо гадаад бодлого “жижгэрчээ”

ОХУ, Украины байдал хурцадмал байгаа энэ үед Монгол Оросын хамтарсан цэргийн сургуулилт Ховд аймагт болох гэж байгааг зарим иргэд эсэргүүцэж буй. Тодруулбал, тус сургуулилтад оролцох ОХУ-ын далбаатай цэргийн техник нийслэл болон Арвайхээр сумын төвөөр явж, Гадаад харилцааны сайд энэ талаар мэдээлэл хийсэн нь энэ долоо хоногийн онцлох сэдэв байв.

ВИДЕО:

-ХАМТАРСАН ЦЭРГИЙН СУРГУУЛИЛТ ХИЙХ ШИЙДВЭРИЙГ ГХЯ, ЗАСГИЙН ГАЗАР ДЭЭР БИШ ЕРӨНХИЙЛӨГЧ, ҮАБЗ ДЭЭР ГАРСАН БАЙГАА-

Тодруулбал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Оросын хамтарсан цэргийн сургуулилтын талаар мэдээлэл хийхдээ, “Засгийн газар хоорондын хэлэлцээр болон Батлан хамгаалах яамдуудын хооронд тохирсон тохиролцоо" гэсэн юм. Гэтэл хоёр орны цэргийн сургуулилтыг хийж, гадаадын цэргийг эх орондоо оруулах асуудал бол Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн түвшинд шийдэгдсэн асуудал. Тус асуудлаар Гадаад харилцааны яам битгий хэл Батлан хамгаалах яам ч шийдвэр гаргах эрхгүй.

Товчхондоо, “Монгол Оросын хамтарсан зэвсэгт хүчний “Сэлэнгэ” хээрийн сургуулилтыг дайнтай жил хийе” гэсэн асуудал Ерөнхийлөгч, ҮАБЗ дээр яригдаж, шийдвэр гарсан байгаа.

Иймд энэ асуудлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ярих биш ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр мэдээлэл хийх ёстой. Учир нь ҮАБЗ-ийн ажлын алба дээр хамтарсан цэргийн сургуулилтын талаар зөвлөмж боловсруулагдаж, ҮАБЗ-ийн хуралд оруулсан байх талтай. Гэтэл зарим иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа энэ асуудлаар Ж.Энхбаяр ярихаас зугтаж, асуудлыг огт мэдэхгүй байж болзошгүй “эмэгтэй сайд” өмнөөс нь гарч ярьж, өөрөө нуугдав уу гэх хардлага байгаа юм.

-МОНГОЛ УЛСЫГ БҮГД НАЙРАМДАХ УЛС БОЛГОХ ТАЛААР ОРОСЫН ЭЛЧИН САЙД И.АЗИЗОВ ЯРЬДАГ БОЛТОЛ НЬ МАНАЙ УЛСЫН ГАДААД БОДЛОГО ЖИЖГЭРЧЭЭ-

Мөн ОХУ, Украины дайнтай байгаа энэ үед Оростой хамтарсан цэргийн сургуулилт хийх нь “сайн зүйл огт биш”. Иймд дайнтай байгаа оронтой хамтарсан цэргийн сургуулилт хийж байгаа нь Монгол Улсын гадаад бодлого “жижгэрсэн”, нөгөө талаар ОХУ-ын шахалтад орсон байж магадгүй юм. Цаашлаад Ховд аймагт болох хамтарсан цэргийн сургуулилтын дараа Монгол, Оросын цэргийн ралли, “аравт” морьт цэргийн уралдаанууд үргэлжилнэ.

Тэгвэл ОХУ-ын тал Ховдод хийж байгаа хамтарсан цэргийн сургуулилтаар далимдуулж Казахстан Улсад дарамт үзүүлж байж болзошгүй.

Учир нь зургадугаар сарын 17 /2022.06.17/-ны өдөр Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын В.Путины дэргэд шууд хэлсэн үг олон улсын анхаарлыг татаж, ОХУ-ын зарим өндөр албан тушаалтанд таалагдаагүй юм. Тэрээр Луганск, Донецкийн тусгаар тогтнолын асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ  “Орчин үеийн олон улсын эрх зүй бол НҮБ-ын дүрэм юм. Гэвч НҮБ-ын “Төрийн бүрэн бүтэн байдал, үндэстэн өөрийгөө тодорхойлох эрх” гэсэн хоёр зарчим зөрчилдлөө. Хэрэв ийм байдлаар улс үндэстний өөрийгөө тодорхойлох эрх цаашид хэрэгжиж эхэлбэл дэлхий даяар 500 гаруй улс бий болж эмх замбараагүй байдал бий болно. Чухам ийм шалтгааны улмаас Казахстан улсын зүгээс Донецскийн Бүгд Найрамдах улс, Луганскийн Бүгд Найрамдах улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж мэдэгдсэн юм.

Харин хамтарсан цэргийн сургуулилтын талаар тайлбарлах ёстой ҮБАЗ-ийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаярын оронд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ярьж байгаа нь “зохимжтой зүйл биш” юм.

Монгол Улсыг парламентын засаглалтай, ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс болгон хөгжүүлэх талаар Оросын элчин И.Азизовын Эрхүү мужид хийсэн уулзалтын зураг

Мөн манай улсад суугаа ОХУ-ын элчин сайд И.Азизов Эрхүү мужид очиж манай улсыг парламентын засаглалтай, ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс болгон хөгжүүлэх талаар ярьж явна. Гэтэл энэ талаар манай ҮБАЗ, Гадаад харилцааны яам чимээгүй сууж байгаа нь Монгол Улсын гадаад бодлого хэрхэн “жижгэрсэн”-ийн бас нэг илрэл юм. Харин гадаадын өөр улсад тухайн элчин сайд ийм үйлдэл гаргасан бол аль хэдийн суугаа орноосоо хөөгдсөн байгаа.

Монгол Улсаас БНХАУ-д суух элчин сайд асан Ц.Сүхбаатар твиттер хуудастаа дараах байр суурийг илэрхийлжээ.