“Усан парк” нэрээр газар авч, орон сууц барьж буй хэргийг гэмт хэргийн шинжтэй гэх үндэслэлээр АТГ шалгаж эхэлжээ

“Усан парк” нэрээр газар авч, орон сууц барьж буй хэргийг гэмт хэргийн шинжтэй гэх үндэслэлээр АТГ шалгаж эхэлжээ

2016 онд “Эм энд Жи констракшн” гэх компани “Азидаа хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор соёл амралтын хүрээлэн”-г барина гэж Энхтайваны гүүрний зүүн талд, Дунд гол урсдаг хэсгийн 11.8 га газрыг хашаалсан ч одоо 25 давхар орон сууц барьж, аль хэдийн захиалгаа аваад эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл уг асуудал нь хууль зөрчсөн, үүнтэй холбоотой шийдвэр нь авлигын хамааралтай байж болзошгүй гэж үзэн Туул голын Сав гарын захиргаанаас өнгөрсөн сард Авлигатай Тэмцэх Газар /АТГ/-т ханджээ. Улмаар АТГ тухайн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр хэрэг нээсэн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ. 

Тэрбээр "Усан парк газар дээр илт хууль зөрчсөн буруутай этгээдүүд шалгагдаж эхлэх нь. АТГ гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр хэрэг нээж шийдвэрлэсэн байна. Авлигатай Тэмцэх Газар: Танай Туул голын сав газрын захиргаанаас 2022 оны долдугаар сарын 1-ний өдрийн 01/424 дугаар албан бичгээр ирүүлсэн мэдээллийг 2022 оны долдугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр 2021 оны долдугаар сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шийдвэрлэсэн болохыг мэдэгдье" гэжээ.