АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси өнөөдөр орой Тайваньд айлчилна гэж мэдээлжээ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси өнөөдөр орой Тайваньд айлчилна гэж мэдээлжээ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелосигийн Азийн орнуудад хийж байгаа айлчлал үргэлжилж байна. Тэрээр энэхүү айлчлалынхаа явцад Тайваньд зочилно гэсэн нь БНХАУ-ын эсэргүүцэлтэй тулгараад байна.

Тодруулбал, Нэнси Пелоси Тайванийн аралд айлчлал хийхээр төлөвлөж байгаа нь "улс төрийн ноцтой нөлөө" үзүүлнэ гэдгийг сэрэмжлүүлж, хэрэв энэ тохиолдолд БНХАУ-ын арми нь зүгээр суухгүй гэдгийг дахин мэдэгдээд байна.

Мөн Бээжингийн эрх баригчид "тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд" заналхийлж байна гэж үзжээ.

Энэ талаар Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лицянь "Хятадын Ардын чөлөөлөх арми хэзээ ч зүгээр суухгүй гэдгийг АНУ-д дахин хэлмээр байна. Хятад улс өөрийн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахын тулд шийдвэртэй хатуу хариу арга хэмжээ авна" гэж мэдэгдлээ.

Харин АНУ-ын албаны хүн нэмж хэлэхдээ, “Батлан ​​хамгаалах яамны ажилтнууд бүс нутаг дахь хятадуудын хөдөлгөөнийг ажиглаж, түүнийг аюулгүй байлгах төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр өдөр шөнөгүй ажиллаж байна” гэжээ. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцаа холбоо хариуцсан зохицуулагч Жон Кирби, “Бид улс орны хувьд болзошгүй үйлдлээс айж эмээх ёсгүй. Энэ бол Нэнси Пелосигийн хувьд чухал аялал бөгөөд бид түүнийг дэмжихийн тулд чадах бүхнээ хийх болно” гэж мэдэгдсэн байна.

Нэнси Пелоси твиттер хуудсандаа Конгрессын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй хийх айлчлал нь "АНУ бүс нутаг дахь манай холбоотнууд болон найз нөхдөдөө тууштай байгаагаа дахин нотлох зорилготой" гэж бичжээ.

Түүний ажлын албанаас Ням гараг /2022.07.31/-т гаргасан мэдэгдэлд, тус аялал нь "Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн харилцан аюулгүй байдал, эдийн засгийн түншлэл, ардчилсан засаглалд анхаарлаа хандуулах болно" гэжээ. Тэгвэл Нэнси Пелосигийн Тайваньд хийх айлчлал өнөөдөр /2022.08.02/ орой орон нутгийн цагаар 22:30 минутанд Тайпейн Суншень онгоцны буудалд газардсанаар эхлэх бөгөөд тэрээр “Grand Hayat” зочид буудалд байрлана. Иймд Нэнси Пелосигийн аюулгүй байдлыг хангах үүднээс “Grand Hayat” зочид буудлыг чөлөөлсөн. Түүнийг төрийн айлчиллын түвшинд хүлээж авна.   Нэнси Пелоси Лхагва гараг /2022.08.03/-т Тайванийн ерөнхийлөгчтэй уулзаж, парламентад зочилно гэж Тайванийн төрийн өмчид хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлжээ.

Эх сурвалж: Reuters.com