ШУУРХАЙ: Хятадын тал Тайваний арлын дээгүүр пуужин харважээ

ШУУРХАЙ: Хятадын тал Тайваний арлын дээгүүр пуужин харважээ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайваний аралд хийсэн айлчлалыг Хятад улс эсэргүүцэж, тус арлын ойролцоо томоохон хэмжээний цэргийн сургуулилтыг эхлүүлээд байгаа.

Тэгвэл өчигдөр /2022.08.04/ Хятадын арми Тайваний арлын дээгүүр анх удаа “пуужин харвасан” гэж мэдэгдлээ. Харин арлын дээгүүр нисч буй пуужингууд ихээхэн хурцадмал байдалд хүргэсэн бөгөөд АНУ-ын албаны хүмүүс “үүнээс ч их пуужин ирж магадгүй” гэж анхааруулжээ. Энэ талаар АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби "Хятад улс ийм алхам хийж магадгүй гэж бид таамаглаж байсан” гэж өчигдөр мэдэгдсэн байна.

Харин Нэнси Пелоси өчигдөр /2022.08.04/ орой Японд очсон байна. Энэ талаар Японы Засгийн газрын тэргүүн сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, “Бид / Нэнси Пелоситой/ Хятад, Умард Солонгос, Украины байдал зэрэг олон улсын хэд хэдэн сэдвээр санал бодлоо солилцсон. Үүнээс гадна, бид Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хадгалахын тулд Япон, АНУ нягт хамтран ажиллана гэдгийг нотолсон" гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN