“Их хурд”-д түрүүлсэн “Шоу халзан” азарга “өндөр байсан” гэх маргаан шүүхэд очиж зарим алба хаагчид АТГ-д шалгуулж магадгүй болжээ

“Их хурд”-д түрүүлсэн “Шоу халзан” азарга “өндөр байсан” гэх маргаан шүүхэд очиж зарим алба хаагчид АТГ-д шалгуулж магадгүй болжээ

Монгол орны бүх аймаг, бүс нутгаас шалгарсан морьд, уяачид оролцож, 3 жилд нэг удаа болдог шигшмэл хурдан морьдын “Их хурд-9” уралдаан өнгөрөгч долдугаар сарын 23-24 /2022.07.23, 24/-ы өдрүүдэд Хэнтий аймагт болж өндөрлөсөн. Харин энэ удаагийн “Их хурд-9” уралдааны азарганы уралдаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, Шунхлай группийн эзэн П.Батсайханы “шоу халзан” азарга “хэл амтай” түрүүлсэн гэж байгаа.

Учир нь энэ жилээс эхлэн хурдан морьдыг гарааны зурхайд гаргахдаа, “морины үүлдэрлэг байдлыг харгалзахгүй, харин Даага-127 см, Шүдлэн-132 см, Хязаалан-137 см, Их нас-141 см, Азарга, Соёолон-140 см-ын сэрвээний өндөр”-тэй байхаар тогтоож, зохих журмыг баталсан.

Гэтэл энэ жилийн “Их хурд” уралдааны азарганд түрүүлсэн Тод манлай уяач Д.Ононгийн хүү Батбилэгийн уяасан “шоу халзан” азарга нь тогтоосон сэрвээний хэмжээнээс “өндөр” байсан гэж байгаа.Иймд тус уралдааны аман хүзүүнд уралдсан “Богд хээр” азарганы эзэн Б.Нямжав зарга үүсгэж, “шоу халзан”-ын өндрийг дахин хэмжих хүсэлт гаргасан байдаг.

Ингээд “шоу халзан” азаргыг дахин хэмжихэд хөл нь доголж, туурайнаас нь цус шүүрч арай ядан алхаж байсан гэдэг. Учир нь туурайг нь хуурайдаж цусыг нь шүүрүүлсэн нь энэ. Тодруулбал, уяачид нь адуугаа сэрвээний өндөрт нь багтаахын тулд л цусыг нь шүүрүүлж тамладаг цэвдэг хүйтэн сэтгэлтнүүд болсон нь энэ удаагийн “Их хурд” уралдаанаас харагдсан. Туурайг нь хуурайдахад сэрвээний өндөр нь ганц, нэг см-ээр намсдаг аж. Наадамд адуугаа түрүүлж нэр гаргахын төлөө л эрдэнэт хүлгээ ийн харгисалж үйлийг нь үздэг болсон талаар “Өдрийн сонин”-ны долдугаар сарын 29 /2022.07.29/-ны өдрийн дугаарт мэдээлжээ.

Харин зарим уяачдын дунд “өмнө нь хүний хурдан байгаа морийг үүлдэрлэг байдал нэрийдлээр бусдаас мөнгө авч хасдаг байсан бол одоо сэрвээний өндөр нь хэмжээндээ ороогүй адууг бусдаас авлига авч мордуулдаг байж магадгүй байна” гэх яриа гарах болжээ. 

Тэгвэл энэ жилийн “Их хурд” наадамд түрүүлсэн азарганы асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд гомдол ирсэн байж магадгүй байна. Хэрэв тогтоосон сэрвээний өндрөөс “өндөр адуу” уралдсан нь тогтоогдвол “тухай морийг гарааны зурхайд гаргах зөвшөөрөл өгч, хэмжсэн зарим төрийн алба хаагчид “авлига авсан байж болзошгүй” гэх асуудлаар шалгуулж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа талаар эх сурвалж мэдээллээ.