АНУ-БНХАУ-ын худалдааны маргааныг тойрсон асуудлуудын улмаас дэлхийн эдийн засаг саарч, нефтийн эрэлт буурч магадгүйтэй холбоотойгоор даваа гарагт нефтийн үнэ 1 орчим хувиар унажээ.
“Brent” маркийн нэг торх нефтийн үнэ 46 цент буюу 0.8 хувиар унаж, 58.96 ам.долларт хүрсэн бол “WTI” маркийн нефтийн үнэ 47 цент буюу 0.9 хувиар унаж, 53.31 ам.долларт хүрсэн байна.
Ирэх 11 дүгээр сард болох “АПЕК”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй худалдааны гэрээ байгуулах хүсэлтэй байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп урьд нь мэдэгдсэн юм.
Харин АНУ-ын Худалдааны сайд Уилбур Росс даваа гарагт мэдэгдэхдээ, ирэх сар гэхэд уг баримт бичгийг эцэслэн дуусгах шаардлагагүй бөгөөд зөв шударга гэрээг байгуулах нь хамгийн чухал гэжээ. “АПЕК”-ийн уулзалтын үеэр АНУ-БНХАУ-ын төрийн тэргүүн нар худалдааны гэрээ байгуулах эсэх талаарх сэтгүүлчийн асуултад У.Росс ийнхүү хариулжээ.