"Багануурын цахилгаан станц"-ыг Ц.Даваасүрэн, Ч.Мөнхбаяр нарын тэмцэл ЗОГСООВ уу, Д.Баясгалангийн Бөөрөлжүүтийн төсөл ГАЦААВ уу

"Багануурын цахилгаан станц"-ыг Ц.Даваасүрэн, Ч.Мөнхбаяр нарын тэмцэл ЗОГСООВ уу, Д.Баясгалангийн Бөөрөлжүүтийн төсөл ГАЦААВ уу

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалаар, “Багануурын цахилгаан станц /ЦС/-ын асуудлыг шийдвэрлэнэ” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэж байв. Гэтэл манай улсад энэ сар /2022.08.08/-д айлчлал хийсэн Хятадын Гадаад хэргийн сайд Ван И, “Багануурын ЦС-ын талаар огт юм ярилгүй” буцсан.

Харин өнгөрөгч долоо хоног /2022.08.23/ Эрчим хүчний сайд н.Тавинбэх “Багануурын ЦС-ын төсөл тодорхойгүй хугацаагаар гацаж байна. Учир нь концесс эзэмшигч компани тодорхой бус тайлбар тавьж БНХАУ-ын талд санхүүжилтийн хүсэлтээ гаргахгүй байсан. Ингээд саяхан энэ төслийг санхүүгийн хувьд цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон гэлээ” хэмээн мэдэгдсэн юм.

-БАГАНУУРЫН ЦС-ЫГ 25 ЖИЛИЙН ДАРАА МОНГОЛ УЛС ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨӨРТӨӨ АВАХ БАЙВ-

Угтаа Багануурын ЦС элдэв эсэргүүцэл, ашиг сонирхолтой нүүр тулалгүй 2015 онд баригдаж эхэлсэн бол ОХУ-аас манай улсад импортолж байгаа цахилгаанаас хямд үнэтэй эрчим хүчээр төвийн бүс нутгаа бүрэн хангаж, энэ өвөл “гал алдана” гэсэн айдас байхгүй байх байсан юм.

Тодруулбал, 2015 онд “Багануур пауер” ХХК тус эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхээр концессын гэрээ байгуулж байв. Төслийн нийт өртөг 1,2 тэрбум ам.доллар. Барих-ашиглах-шилжүүлэх тус концессын гэрээ хэрэгжсэнээр 25 жилийн дараа цахилгаан станцыг Монголд үнэ төлбөргүй шилжүүлэх байсан юм. Тодруулбал, гэрээ хугацаа дуусмагц нэг ч төгрөг төлөлгүйгээр Монгол Улс өөрийн мэдэлдээ авахаас гадна концессын 1,2 тэрбум ам.долларын гэрээнд манай Засгийн газраас ямар ч баталгаа шаардаагүй бөгөөд худалдах, худалдан авах гэрээнд зааснаар станц ашиглалтад орсноос хойш эхний 4 жилд 220 МВт-ыг нэг блокоор нийлүүлнэ. Тав дахь жилээс хоёр блокыг тус бүр 220 МВт-аар, зургаа дахь жилд тус бүр 245 МВт-аар шат дараатай нийлүүлэх уян хатан нөхцөлийг гэрээнд заасан байжээ. Концессын гэрээг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Ч.Мөнхбаяр нар Багануурын ЦС-ыг эсэргүүцэж цуглаан хийж байжээ. 2018 он

-“БАГАНУУРЫН ЦС АШИГЛАЛТАД ОРСНООР МОНГОЛ УЛСЫН БУСАД СТАНЦУУД ЗОГСОНО” ГЭЖ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙЖЭЭ-

Харин Багануурын ЦС-ыг эсэргүүцэж, гацааж байсан улс төрч, иргэний нийгмийн байгууллагууд олон байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, “Нэгдсэн Монгол” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр нар Багануурт ЦС баривал Хятад арми хяналтаа тогтоож, тэнд 5000 хужаа бүхий тосгон үүсэж, ах нарын барьж өгсөн нийслэл дэх станцууд асар хүчтэй хятад тогонд навс цохиулж шатна гэх инээдэмтэй марзан ухуулга цацаж байсан гэж Ц.Доржготов гуай Baabar.mn сайтад тодорхойлж бичиж байжээ.

Тодруулбал, Багануурын ЦС-ын хүчин чадал хэт өндөр тул манай эрчим хүчний системийн аюулгүй байдал, нэгдсэн тогтолцоонд доголдол учрах эрсдэлтэй хэмээн эсэргүүцэж байжээ.

Энэ талаар Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэн тайлбарлахдаа “Багануурын цахилгаан станц байршил, техникийн шийдэл талаасаа асуудалтай. Мөн генераторын хувьд манай системд хэт өндөр, тогтворжилтод сөрөг нөлөөлөл үзүүлж болох чадлынх байгаа. Ийм чадлын генераторт гэнэт саатал гарч зогсвол манай системийг бүхэлд нь татаж унагах магадлалтай. Мөн манай зуны цахилгааны хэрэглээ бага 500-600 МВт орчим байдаг. Тиймээс зуны улиралд төслийн хоёр генератор бүрэн чадлаараа зэрэгцээ ажиллавал манай бусад станцууд зогсоход хүрнэ. Генераторын чадлыг эргэж харж бууруулах саналыг хөрөнгө оруулагч компанид тавьсан” хэмээж байжээ.

Харин гаднын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэргээр шүүхээс саяхан ял сонссон Ч.Мөнхбаяр, “Багануурын цахилгаан станцын концесст шалгарсан "Багануур Пауэр" ХХК-ийн ард БНХАУ-ын "Цөмийн энергийн барилгын 22-р товчоо" гэх барилгын цэргийн нэгж байгаа. Багануурын цахилгаан станцаас нийлүүлэх цахилгааны хэмжээ нь Монгол Улсын хэрэглээний 60-70 хувийг дангаараа хангахаар байгаа нь зах зээлд шууд шингээхэд хүндрэлтэй учир ДЦС-4, ДЦС-3, ДЦС-2 станцуудын үйлдвэрлэлийг зайлшгүй бууруулж, улмаар хаахад хүргэхээр байна” хэмээн эсэргүүцлийн жагсаал, хэвлэлийн хурал хийж байжээ. 

Гэтэл үнэн хэрэгтэй манайд одоо ажиллаж байгаа цахилгаан станцуудын технологи хуучирсан бүх сэлбэгээ хойд хөршөөс өндөр үнээр авдаг байна.

-БАГАНУУР ЦС, БӨӨРӨЛЖҮҮТИЙН ЦС-ЫН АЛЬ НЬ ТӨВИЙН БҮСИЙГ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ ВЭ ГЭСЭН ДАЛД ӨРСӨЛДӨӨН ЯВАГДАЖ БАЙНА УУ-

Нөгөөтэй Багануурын ЦС­-ын төсөл гацаж байгаа нь манай нэгэн хувийн хэвшил Төвийн бүсийг цахилгаанаар хангахаар өөр нэг эрчим хүчний төсөл эхлүүлэх гэж байгаатай холбоотой байж болзошгүй байгаа юм. 

Тодруулбал, 2019 онд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр “Бөөрөлжүүт”-ийн нүүрсний уурхай болон цахилгаан станц байгуулах төслийн барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай Монголын “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК болонБНХАУ-ын SINOSTEEL компанийн хооронд гэрээ байгуулагдсан. Учир нь Төв аймгийн Баян, Баянжаргалан сумдын нутагт байрлах “Бөөрөлжүүтийн тал” хүрэн нүүрсний ордыг түшиглэсэн цахилгаан станц болон нүүрс шингэрүүлэх үйлдвэр барих төсөл хэрэгжүүлж Төв, зүүн, өмнөд бүсийг эрчим хүчээр хангах, дотооддоо дизель түлш үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэнэ хэмээн зорилгоо танилцуулж байгаа юм. 

Харин “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК-ийн ард Голомт банкны эзэн Д.Баясгалан байдаг байна.  

Иймд Багануур ЦС болон “Бөөрөлжүүт”-ийн ЦС-ийн аль нь төвийн бүсийг эрчим хүчээр хангах вэ гэсэн өрсөлдөөн явагдаж, Багануурын ЦС-ын төсөл зогссон байж болзошгүй байна. Ямартай ч, Багануурын ЦС-ын төсөл зогсоход дээр дурдсанчлан олон зүйл нөлөөлсөн байж магадгүй байгаа юм. Харин Засгийн газраас "Улсад онц их хэмжээний хохирол учруулсан, алдагдсан боломжийн өртөг үүсгэсэн хүмүүсийг шалгаж, учирсан хохирлыг нэхэмжлэх ажлын хэсэг” байгуулсан. Иймд Багануурын ЦС-ын төсөл шалгагдах ажээ.