СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БНСУ руу хиам авч яваад баригдвал 10 сая воноор торгуулна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БНСУ руу хиам авч яваад баригдвал 10 сая воноор торгуулна

БНСУ өөрийн хилээр нэвтэрч буй зорчигчдын авч яваа зүйлсийг шалгах хяналт шалтгалтаа чангатгажээ. Тухайлбал,  БНСУ-ын Хууль зүйн яамнаас Африкийн тахал буюу гахайн халдварт өвчнийг (African swine fever) дотоодод нэвтрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2019 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гаалийн мэдүүлэгт мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн тээвэрлэж яваагаа мэдүүлээгүй иргэдийг 10 сая хүртэл воноор торгохоор болсон байна.

Мөн хилээр нэвтрэх болон дахин зорчих эрхийг хаах, оршин суух хугацааг хязгаарлах зэрэг арга хэмжээ авахаа мэдэгджээ.

БНСУ-ын Хилийн боомтын амьтан, ургамлын хорио цээрийн хяналтын албанаас БНХАУ, Вьетнам, Монгол улсаас ирж буй зорчигчдод хийх хорио цээрийн шалгалтыг чангатгахаа мэдэгдэж байгаа тул БНСУ-ыг зорих гэж буй иргэд амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд болон малын гаралтай бүх төрлийн бүтээгдэхүүнийг авч ирэхгүй байхыг хатуу анхааруулж байна гэж Монгол улс дахь БНСУ-ын ЭСЯ-наас анхааруулжээ.